Thursday, July 7, 2011

Шилдэг бүтээл

Ажил ихтэй гэх шалтгаанаар ойрд сэдэв нэмэх сөхөөгүй гэж урьд нь хэлж байсан ч сүүлийн хэдэн өдрүүдэд яагаад блогтоо сэдэв нэмэхгүй байнаа гэж нилээд хэдэн хүний байцаалтанд орлоо. Одоо цагт бүгд л завгүй байхад би илүү онцгойрч завгүйтэхээр зүйл хийсэн билүү гэж өөрөөсөө асууж үзлээ. Тэгээд бодоод байсан чинь ажлаас өөр гайхуулж бахархах онц гойд хийж бүтээсэн зүйлгүй гэдгээ ойлгов. Зарим нөхдүүд хүн амьдралдаа байшин барьж, мод тарьж бас хүүхэд гаргах ёстой хэмээх үзлийг тун дэмждэг. Гэтэл миний хувьд 30 гаруй жил наслахдаа өөрийн гар болон биеэр хийж бүтээсэн зүйл юу билээ..?

Байшин барих битгий хэл хадаас ч зөв хадаж чадахгүй ч саяханаас өрх тусгаарлах анхан шатны алхамыг хийв... Анхан шатны алхам бол майхан юм. Ямартаа ч одоо тусдаа гараад хэд хоног төөрүүлж болох нэг майхан, 2 мешок болон аяны 2 сандалтай болсон. Гэхдээ хэдийгээр майханаа барихдаа өөрийн гар бие оролцох боловч яг миний биеийн бүтээсэн зүйл бас биш юмаа.

Мод тарих... Миний бодлоор өөрийн гараар тарьсан модоо арчилж асарч чадахгүй бол энд тэнд тариад дэмий гэж үздэг тул өөрийн гэсэн алга дарам газартай болж байж л хийх зүйл гэж бодмой. Улсаас үнэгүй олгох газрыг хэдийдээ ч авах юм байгаа нь бүү мэд. Болно доо болноо гэсээр байтал энэ янзаараа бол авах газаргүй үлдэх магадлалтай. Засгийн газар маань хамаг газраа түрээслээд дуусгавал түрээсийг нь дуустал хүлээх нас надад бий юм бол уу даа. Гэрээ засаад төрөө зас гэж үгийг биелүүлэх нь цаг хэзээ ирэх юм бүү мэд... Тэгээд ч төрийн төлөө огтоно боож үхнэ гэгчээр би төрд зүтгэхгүй нь лавтай. Төр гэснээс саяхан нэг найзтайгаа уулзсан чинь их сонин зүйл харлаа...

Бид нарын үеийн хэдэн залуус нилээд нэгэн шинэ CLUB байгуулжээ. Бүгд лам захтай дээл өмсөөд Бурхан Халдун ууланд зургаа авахуулж их чухал царайлан итгэл үнэмшилтэй дүртэй гарсан байв. Гэтэл миний нүдэнд тэд хичнээн ой гутмаар харагдаваа... Хайран сайхан залуу нас... өрөвдмөөр ч юм шиг. Хар залуугаасаа гүзээ унжуулаад хурган даргын царай гаргаад хальт ярвайлттай сууж байгааг нь нэг харахад л хангалттай. Тийм царайтай нөхдийн яриаг ч сонсох хэрэггүй. Ам нээвэл чих маань үрчийгээд хумигдах биз. Уг нь их хурлын дарга нарын фэнууд шиг балайрч байхын оронд ядаж ганц удаа гартаа хүрз бариад нэг ширхэг мод тариад, арчлаад, ургуулаад үзээсэй дээ. Миний найз намайгаа уучилна бизээ. Намайг тиймэрхүү хоосон хэлбэр нөхдүүдэд угаасаа харшилтайг чи минь мэднэ дээ.

Миний хувьд би улс эх орондоо бүтээж гайхуулсан зүйл байхгүй ч сайтар бодоход өөрийн хувьд нэгэн бүтээлээ хийсэн бөлгөө. Тэр бүтээл маань дахин давтагдашгүй цорын ганц бас муу ч үгүй "патентын эрхтэй" буюу хуулийн дагуу миний бие хийж бүтээсэнийг нотолж буй гэрчилгээтэй. Одоогийн байдлаар би бүхий л хөрөнгө оруулалтаа уг бүтээлдээ оруулж байгаа бөгөөд энэхүү бүтээлийнхээ л ачаар баярын нулимсны амтыг мэдэрч өдөр бүр сэтгэл тэнэгэр бас баяр баяслаар дүүрэн амьдардаг. Миний шилдэг бүтээл - ЧИНТҮШИГ болой... Харин таны хувьд одоогийн байдлаар туурьвисан шилдэг бүтээл тань юу вэ?

Бас л завгүй,
APO