Thursday, August 19, 2010

WC буюу ариун цэврийн өрөө

Өчигдөр laptop буюу зөөврийн компьютерийн XP-ийгээ солиулан windows 7 суулгууллаа. Одоогоор бүрэн гүйцэд дасаагүй элдэв файлаа олохгүй бага зэрэг будилж байгаа ч уг нь өнгө үзэмж, дизайн болон хурд нь сайхан байнаа. Компьютер янзлах зуур зүгээр сууж байхаар оффисдоо жижиг сажиг зүйл авахаар эрэлд мордов. Хэдийгээр засвар маань дууссан ч зарим нэг тохижуулалтаа бүрэн гүйцэд дуусаагүй л байгаа. Ийнхүү сайн дурын үндсэн дээр туйлын чухал өрөөг сонгож авлаа. Миний бодлоор аливаа байранд хамгийн тохилог бас чухал 2 өрөө байдаг. Тэдгээр нь гал тогоо болон ариун цэврийн өрөөнүүд юм.Тохилог сайхан орчинд хоолоо хийж, халуун ам бүлээрээ инээлдэж суунгаа хамтдаа хоолоо идэх нь нэгэн төрлийн жаргал гэдэгтэй хэн ч маргахгүй гэж бодном. Харин WC буюу ариун цэврийн өрөөг тохитой бас дулаахан байлгах өөр нэгэн шалтгаан байнаа.
Найз нөхөд болон танилуудаасаа дуулахад эрэгтэй хүний хувьд ариун цэврийн өрөө тухтай байх нь туйлын хэрэгтэй учир нь эрчүүд тэнд ороод сууж байхдаа маш чухал, ээдрээтэй асуудлын шийдвэр болон шинэлэг санааг бодож олдог гэнэ. Хачирхалтай бас сонирхолтой нь ихэнхи эрэгтэйчүүд үүнийг үнэн гэх юм. Гэм нь олсон санаагаа мартчих гээд байдаг гэсэн. Их л зүйл бодож суудаг болхоор аргагүй биз дээ. Тиймээс бүсгүйчүүдэд захихад гэрийнхээ ариун цэврийн өрөөг тохилог байлгахын зэрэгцээгээр тэнд нэг тэмдэглэлийн дэвтэр балтай байрлуулчихад илүүдэхгүй бололтой. Яаж ч бодсон бүсгүй хүн өөрийн эр нөхөр эсвэл найз залуугийнхаа шинэ ба оновчтой бодол санааг нь дэмжих үүрэгтэй. Тиймээс ийм төрлийн дэмжлэг бас байж болохыг үгүйсгэх аргагүй...
Оффисийн ариун цэврийн өрөөнд хүндрээд элдэв шийдэл бодож олохгүй л байх, гэхдээ л хүн ажил дээрээ ихэнхи цагаа өнгөрөөдөг тул бас л тохилог WC хэрэгтэй гэж бодож ариун цэврийн өрөөний тохижилтонд сайн дурын үндсэн дээр оролцсон бөлгөө... Угаасаа ч сүртэй их юм биш дээ... Хүмүүс том бүтээн байгуулалт хийж хөгжил дэвшилд хүрэх гээд хичээцгээгээд байгаа ч зүгээр л жижигхэн ариун цэврийн өрөөгөө тохилог болгочихвол манай залуус маш их зүйлийг шийдэж бас зөндөө шинэлэг зүйлс хийж чадна гэдэгт итгэнэм ;)))

Ариун цэврийн өрөөний тохижуулалтыг дэмжигч,
АРО

Monday, August 16, 2010

PUSSY THAT WALKS BY HERSELF



Өдөр цайны цагаар гэрийхнийгээ Дархан явах унаанд суулгахаар авто вокзал ороод ирсээр байтал цайны цаг маань дуусав. Хүүхэд байхад аав ээж хаа нэг тийшээ яваxад гэртээ дүүтэйгээ үлдэхээр нээх л сайхан байна гэж бодогддог байж билээ. Бодвол биеэ дааж эрх чөлөөтэй байх нь сайхан санагддаг байсан байх. Гэтэл одоо бол яг эсрэгээр гэртээ ганцаараа үлдэх туйлын дургүй болж. Болдог бол хамт явмаар байвч ажил хэмээх нэгэн уяа байнаа. Ядаж байхад ээж муужгайг минь авч явалгүй үлдээгээд явав. Муужгайгаа бас маллах ажилтай боллоо. Орой тараад очтол тэр минь тэсэхээс өөр сонголтгүй үлджээ. Муур шиг өөрийн дураар юунд ч баригдахгүй хүссэн газартаа явах юм сан.
Редьярд Киплингийн муурын тухай хөөрхөн өгүүллэгийг багадаа уншиж байсан уу? Уг өгүүллэгт үндэслээд хийсэн нэгэн хүүхэлдэйн кино байдаг ба тэр хүүхэлдэйн кинонд хүн хэрхэн ээрлэг амьтадыг өөртөө дасгасан тухай их эвлэгхэн харуулсан байдаг. Бүх зэрлэг амьтадаас зөвхөн муужгай л өөрийн эрх чөлөөт байдлаа хадгалж үлдсэн цорын ганц амьтан. Киплингийн уг өгүүллэг надад ихэд таалагддаг, ялангуяа амьтадын зан араншин болон сэтгэхүйг тусгаж гаргасан байдал нь... Манайхан ихэнхидээ муурнуудад дургүй байдаг ч миний бодлоор муужгай нь зарим шинж чанараараа эмэгтэйчүүдтэй их төстэй санагддаг тул би мууранд их дуртай. Киплингийн харуулснаар бол муужгайнууд хүч чадал, эрх мэдэл үгүй ч аливаа асуудлыг эвээр эвтэйхэн зохицуулж шийддэг ба ингэхдээ өөрийн хүсэл сонирхолоо ч мартаддаггүй. Их эрхлэнгүй бас аль болох тохилог орчинд байх туйлын дуртай мөн дураараа гэх мэт чанарууд нь эмэгтэйчүүдэд маш тод илэрдэг гэж бодном. Манай муужгай ч хөөрхөн л дөө. Яг Шрекийн муур шиг шав шар бас зарим нэг хүмүүс үнэг гэж андуураад байдаг ккк... Гэрийхнийгээ эргэж иртэл Төөдөтэйгээ эвтэй найртай амьдарч байхаас даа. Ер нь мянгат муурчин болдог ч юм уу..?

Муурсаг,
АРО

Wednesday, August 11, 2010

East or West, HOME is the best

Өнгөрсөн сард ажил тун ихтэй байсан тул блог руугаа шагайх ч завгүй гүйсээр нэг мэдсэн 8 сар хэдийнээ дундаа орж байх юм. 6-р сараас хойш амьдралд мөн үзэл бодолд маань үнэхээр их өөрчлөлт гарчээ. Хүн гэж сонирхолтой этгээд юиаа... Байнга хувьсан өөрчлөгддөг хирнээ үндсэн зарчмаа хэвээр хадгалж чаддаг. За, гүн ухаан руу ороод юу гэхэв. Сая хэдэн өдөр сайхан амарчихаад өнөөдрөөс ажилдаа эрч хүчээр дүүрэн хүн ирлээ. Тэгээд бодоод байх нь ээ хаана яаж ч амарсан ч гэртээ эргэж ирэх нь хамгийн сайхан зүйл юмаа. 5 одтой тансаг буудал эсвэл 1000 одтой хээр тал байсан ч өөрийн гэртээ ирээд орондоо ороод таван хошуу болж унтах нь жинхэнэ жаргал болой.
Гэхдээ удаан амрах бас дэмий бололтой. Ажилдаа ирмээргүй ч юм шиг санагдаад бас нэг муу тал нь гэртээ сууж элдэв хоол хийж гэрийхнийгээ бөөрөнхий болгох магадлал тун өндөр тул сүүлдээ ажилдаа ор хэмээн хөөгдөх шинжтэй.

Ямартаа ч өнөөдрөөс ажилдаа ч эргэж ороод бас блогтоо ойр зуурхан сэдэв нэмэх болсондоо баяртай байнаа.Ажлаа бага зэрэг санасан ч ажил намайг нээх санаагүй юм шиг байнаа

Эргэж ирсэн,
АРО