Monday, November 29, 2010

А напоследок я скажу...

Сая хэдэн өдөр амарч байхдаа бүр багадаа үзэж байсан нэг кино үзэв. А.Н.Островскийн "Бесприданница" буюу Инжгүй бүсгүй хэмээх зохиолоор бүтээсэн "Жестокий романс" гэх киног ойрд үзээгүй ч эргээд үзэхэд их сайхан санагдав. Хэдий олон жил өнгөрсөн ч хөндсөн сэдэв нь одоо цагт ч бидний үеийхэний амьдралд тулсан хэвээр байгаа. Энэ киноны төгсгөлийн хэсэгт гардаг "А напоследок я скажу" гэдэг романс сэтгэл хөндөхгүй байхын аргагүй... Гол дүрийн жүжигчин Гузеева ч тун сайн тоглож дүрээ мундаг гаргасан. Ер нь хүмүүс орос киног муулах хандлага их байдаг ч үнэхээр агуу сайхан бүтээлүүд зөндөө байдаг гэдгийг би зуун хувь хүлээн зөвшөөрнө.

Уг кино нь цаг үеэс халин гарч ямар ч үед амьдралд таарах хэд хэдэн төрлийн эрчүүдийг харуулахын зэрэгцээ эмэгтэй хүний хувьд бол сайхан болж төрснөөс жаргалтай болж төрсөн нь дээр гэдгийг их сайн ойлгуулахаар хийсэн кино. Би ер нь бага зэргийн хуучинсаг үзэлтэй ба сайхан хайранд итгэдэг үлэг гүрвэлүүдийн нэг, гэхдээ хэдий тийм ч гэсэн гол дүрийн бүсгүй шиг байдалд орохыг яавч хүсэхгүй. Энэхүү киноноос харвал Паратов буюу Михалковын гаргасан дүр нь өнөө цагийн шоучин залуугийн мөн чанарыг сайтар олж харах боломжтой. Угаасаа шоучин болон бабник төрлийн залуучууд байсан, байна ба цаашид ч байх болно. Магад тэднийг өөрчилдөг эсвэл тэсэж чаддаг өөр нэгэн төрлийн бүсгүйчүүд бас байдаг байх... Түүнчлэн эхнэртэй хирнээ илүү сайхан бүсгүйг давхардуулан байлгах хүсэлтэй Кнуров шиг хүмүүс ч байх болно. Ганц онцгүй зүйл нь гэвэл драма болхоороо тэр үү сайхан шинж чанартай эр хүнийг гаргаагүй. Угаасаа ховор гэдэг утгаар нь уу эсвэл драма гээд ч юм уу...?

Энэхүү киноноос гаргаж авч болох дүгнэлт ба сургамж гэвэл өөрийн үнэ цэнээ мэдэж зөвөөр үнэлүүлвэл зохистой болой. Энэ нь эрчүүд болон бүсгүйчүүдэд аль алинд нь хамаатай гэж бодном. За, эцэст нь нөгөө сайхан романсаа сонсоцгооё


Sunday, November 28, 2010

Яг одоо яамаар байна




Хүний амьдралд цаг хугацаа гэдэг асар нөлөөтэй хүчин зүйл ба бид цаг хугацаанд баригдаж, хөөгдөж мөн заримдаа түүнтэй уралдаж амьдардаг. Өнөөдрийн хувьд би эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн харилцаан дахь цаг хугацааны талаар хөндөх гэсэн юм. Залуу байхдаа чөлөөт цаг зав ихтэй үед аль аль нь адилхан цаг заваа гаргах боломжтой байдаг тул багадаа танилцаж дотноссон хосууд цаг хугацааны бэрхшээлтэй тулах нь ховор байдаг. Харин нас нь явж цаг хугацааны үнэ цэнийг мэдрэх тусах эсрэг хүйсний хүнтэйгээ санал нийлэх магадлал нь буурдаг. Эрчүүд ихэвчлэн цаг хугацааг төлөвлөж бүсгүй хүнтэй уулзахдаа яг хэдийд юу хийхээ сайтар бодох нь элбэг. Харин эмэгтэйчүүд бид цаг хугацааг мэдрэхгүйгээр уулзаж болзох хүсэл ихтэй байдаг. Дотно байа үедээ цаг хугацааны талаархи зөрүүтэй энэхүү ойлголтын улмаас бие биеэ ойлгохгүй байх тохиолдолд их гардаг болов уу. Эмэгтэй хүн хэзээ ч хамаагүй гэнэт ямар нэгэн зүйл хүсэж магад, харин эр хүний хувьд тухайн үед чухал хэмээн төлөвлөсөн зүйлдээ л цаг хугацаагаа зарцуулахыг хүсдэг. Тэгээд л бүсгүй хүний хувьд чухал гэсэн үеийг хайхралгүй өнгөрөхөд эмэгтэй хүн аяндаа өөр зүгт яваад өгдөг. Би өөрөө цаг хугацаа барилгүй их дураараа байхыг хүсдэг бүсгүй. Энэ нь мэдээж миний ажилд хамааралгүй зөвхөн чөлөөт цагт маань хамрагдах үзэл бодол юм. Гэхдээ сүүлийн үед нэгэн зүйлийн ажихад сонирхолгүй санагдсан хүнд цаг заваа огт гаргадаггүй болж. Урд нь хүний урам гээд бас хальт уулзаад эвтэйхэн хэлээд явдаг байсан бол одоо шууд л сонирхол алга гээд шулуухан хэлдэг болж. Магад өөрийн цаг заваа илүүтэйгээр үнэлдэг болсоных байх. Тэгсэн хирнээ өөрөө завтай болвол бусад хүмүүсийг үймүүлж ажлыг нь бусниулах сонирхолтой шүү. Энэ яг юуны улмаас үүдэлтэй байдаг бол? Одоо цагаа мэдрэх гэсэн эрмэлзэл үү эсвэл бусдын хувьд хир чухал гэдгийг мэдэх гэсэн хүсэл үү? Эсвэл хувиа хичээсэн зангийн илрэл юм бол уу?

Нөгөөтэйгүүр эрчүүдийн хувьд өөр нэгэн хачирхалтай зүйл их анзаарагддаг... Тухайн үед гаргаж чадаагүй цаг зав болон өгч чадаагүй сэтгэлийн илрэлээ бүүр дараан гаргаж ирэх нь элбэг... Өнгөрсөн цагийн сүнс буюу мартагдсан хүн гэнэт гарч ирэх тохиолдолд найз бүсгүйчүүдэд маань ч элбэг гардаг. Эмэгтэй хүн их мартамхай байдаг юм шүү... Та хэн нэгэн бүсгүйн хувьд чухал хүн нь байсан нь үнэн, гэвч тэр л үедээ. Тэрнээс биш тэр бүсгүй өөр хүнтэй болчихсон бол одоо тэр өөр хүн нь л чухал байдаг юм. Ер нь хамгийн гол ялгаа нь тэр байх. Эр хүн та чухал хүнээ марталгүй сэтгэлийн мухартаа хаа нэгэнтэй хадгалж, санаж бас үгүйлдэг бол бүсгүйчүүд бид тийм бишээ... Тиймээс залуу та хэн нэгэн бүсгүйг чухалчилж, дотно байхыг хүсдэг бол яг одоо түүнд цаг зав, сэтгэлийн илрэлээ харамгүй гаргаж өгөөрэй... Эс тэгвээс галт тэрэг нэгэнт хөдөлвөөс та гүйцээд очсон ч өмнөх шигээ байхгүй нь лавтай шүү


Яахаа бодож буй,

АРО

Sunday, November 21, 2010

Шинэ жилийн сойлт

Ойрын өдрүүдэд цас ороод, өвлийн хүйтэн цаг ирж дэлгүүр байгууллагын гадаа гацуур моднууд сүндэрлээд өөрийн эрхгүй айсаж буй шинэ жилийг санагдуулнам. Манай байгууллага шинэ жилийг ихэвчлэн эрт хийдэг жишээлбэл түрүү жил 12 сарын 5 хавьцаа тэмдэглэж байсан санагдана. Энэ жил бас ч арай хожуу 12 сарын 11-нд баяраа тэмдэглэх юм шиг байна. Манай бүсгүйчүүд шинэ жил дөхөж ирмэгц гэнэт ухаан орж даашинзандаа таарч амьдрах гээд шинэ жилийн сойлтондоо ордог. Усанд хивэг найруулж уух, элдэв тураах эм, кофе хэрэглэх, дан ганц усаар "хооллох" г.м. дээр нь төрөл бүрийн фитнесс, йога, аэробик, тураах төвүүдэд эрчимтэй явахыг нь яаана. Өөрөө өөрсдийгөө сайн дураараа тарчилаан зовоох ажилдаа эрч хүч, эр зоригоор дүүрэн ордог нь гайхалтай шүү.

Гэхдээ үнэхээр л гоё бас үнэтэй даашинз авчихаад түүндээ багтахгүй бол хэцүү хэцүү. Тэгэхээр эмэгтэй хүний хувьд шинэ жилийн даашинз болон илүүдэл жин гэдэг асуудал яалт ч үгүй тулж ирдэг. Уг нь бол байнга өөртөө анхаарал тавьдаг бол ийм асуудалтай гэнэт нэгэн өглөө тулахгүй нь лавтай. Гэхдээ хүн гэдэг угаасаа сонин ялангуяа монголчууд бид бүхэн бол цагаа тулгаж байж л ухаан ордог зантай. Ходоод бол хогийн сав биш гэдэг үгийг нэгэн танил маань хэлсэн. Тогооч мэргэжилтэй найз нар маань бол бүүр загнахыг нь яаана... өөрийгөө хорлож хог идлээ гээд. Гэм нь тэр хог гэгдэх хүнсний бүтээгдэхүүнүүд нь туйлын амттайг яалтай билээ...

Шинэ жилийн сойлтонд орж буй бүсгүйчүүдэд хэлэхэд заавал тэгж өөрийгөө зовоох хэрэг байна уу? Би хувьдаа шинэ жилийн даашинзыг оёулж өмсөх дуртай учир нь загвар болон материалаа өөрөө сонгох тул адилхан даашинзтай бүсгүйтэй таарахгүй нь лавтай. Хамгийн гол нь би даашинзандаа таарах гэж элдэв сойльтонд орох шаардлагагүй харин ч өөртөө тааруулаад л даашинзаа хийлгэх нь хавьгүй амар бас сайхан. Мэдээж өөгүй сайхан биетэй бүсгүйчүүд ховор тиймээс БИЕ хэмээх чөтгөрийг ХУВЦАС хэмээх бурханаар л зохицуулуулах хэрэгтэй. Заавал моод хөөх бус харин өөрийн биеийн сайхан талуудаа ил гаргаж дутагдалаа нууж чадваас та төвөггүйхэн сайхан харагдаж болно. Харин ганц хоёр илүү килограммаас салах маш амархан бөгөөд таатай аргууд зөндөө бий.

Жишээ нь элдэв хүнд дасгал хийх, хэн нэгэн хүний заасан сонин хачин хөдөлгөөн хийх гэж өөрийгөө хүчлэхийн оронд найз бүсгүйн хамт сайхан дискодож өөрийн дурын хөдөлгөөнөө зохиож, хөлсөө гаргаад илүүдэл өөхөө хайлуулж болно. Ийм тохиолдолд та фитнессийн заалан дахь бүдүүрсэн шаналсан бүсгүйчүүдийг харахын оронд дисконд байгаа залуучуудтай бага зэрэг сээтэн хаяж ч болно шүү дээ. Энэ нь илүү таатай гэдэгтэй хэн ч маргахгүй биз... Өөр нэгэн энгийн арга бол өөрийн бэлгийн амьдралын хэмнэлээ нэмж идэвхижүүлэх. Та өөрийн нөхөр эсвэл найз залуугаасаа шинэ хүсэл мөрөөдлийг нь мэдэж хэрэгжүүлэх явцад сайтар хөлрөхөөс гадна илүү дотносож бас харьцаагаа улам бэхжүүлэх сайхан талтай. Бүсгүйчүүдээ шинэ жилийн сойлтыг арай ондоо хэлбэрээр хийж үзээрэй ;) Би лав өнөө орой үдэлтийн баярт оролцох тул бүжиглэж хэдэн грамм ч байтугай хасах төлөвтэй байгаа

APO

Sunday, November 14, 2010

Бүсгүй хүний үнэр


Ажлын нэгэн залуу маань сүүлийн хэдэн өдөр бүсгүйчүүддээ ийнхүү гомдол гаргаж үглэв: "Та нараас яагаад үнэртэй ус үнэртэхгүй байна. Сүрчиг түрхээчээ" гэж ухуулга хийв. Үнэндээ ойрын хэдэн өдөр ажлын ачаалал ихтэй байсан тул үнэртэй ус турхэж амжихгүй хий дэмий л сүрчигээ цүнхэлж явсан боловч эр хүн ийм хүсэлт тавина гэж огт санасангүй. Тэгээд бодлоо л доо...бүсгүй хүний үнэр ямар байвал зохих вэ? Энэ үгийг орчуулахад их сайхан сонсогдож байна... запах женщины эсвэл Woman's odor...

Манайхан сүүлийн үед эр эм гэлтгүй их загварлаг болоод байгаа ба нэг нэгэндээ үнэ бүхий бэлэг өгөх нь тун их дэлгэрсэн. Мэдээж үнэ бүхий бэлэгний тоонд сүрчиг яахын аргагүй орох боловч сүрчигийг тухайн хүний тун сайн мэдэж байж өгөх хэрэгтэйг мэддэггүй нь харамсалтай. Хүний үнэртэхүйн мэдрэмж хамгийн чухал ба үнэр нь тухайн хүнийг илэрхийлдэг гэдэг боловч зарим үед хүн өөрөө ч ямар нэгэн үнэр өөрт нь яагаад таалагдах болсоныг хэлж мэддэггүй. Бүсгүй хүнд сурчиг бэлэглэнэ гэдэг бүр хэцүү, учир нь бүсгүйчүүд бид маш хувирамтгай бас уйдамхай этгээдүүд юи. Тиймээс хүнд сүрчиг бэлэглэхээсээ өмнө сайтар тунгааж бодвол зохино.

Миний анзаарсанаар бол бүсгүй хүний үнэр буюу түрхэж буй сүрчиг нь тухайн бүсгүйн зан ааш болон наснаас нь их хамаарах төлөвтэй. Жишээ нь 20-той танхил бүсгүй ихэвчлэн анхилам сүрчиг сонирхох нь лавтай тул түүнд Britney Spears-ийн үнэртэй уснаас авч өгвөл зохино. Шулуун зантай, энгийн бүсгүйчүүд ихэнхидээ сэнгэнэсэн буюу нялуун бус үнэрийг сонирхох тул түүнд Light blue by Dolce&Gabbana таалагдана гэдэгт итгэлтэй байна. Light Blue сүрчигийг ихэвчлэн зуны цагт түрхэх нь сайхан л даа. Эрхлэнгүй зантай дур булаам бүсгүйчүүдийн сонгодог сүрчиг нь Amor amor by Cacharel эсвэл түүнтэй ойролцоо нялуувтар Posion by CD байх нь элбэг юм. Харин өөрийн байр сууриа олсон ихэвчлэн 30 гарсан, карьер хөөх төлөвтэй бүсгүйчүүд бол хурц биш хирнээ нууцлаг шинжийг агуулсан Mitsouko by Guerlain сайн тохирох байх учир нь энэхүү сүрчиг нь алтан дундаж хэмээх зарчимыг харуулсан сайхан домогт үндэслэн бүтээгдсэн. Ихэмсэг зантай бүсгүйчүүд ихэнхидээ тансаг үнэртэй сүрчиг сонгодог: №5 & Allure by Chanel, Hypnose & Magnifique by Lancome, Sensi & Mania by Giorgio Armani. Ер нь бүгдийг нь дурдана гэвэл миний нас хүрэхгүй бизээ.

Миний хувьд бол ихэвчлэн энгийн үнэртэй сүрчигэнд дуртай... The Beat by Burberry, The first fragrance by Lolita Lempicka г.м, гэхдээ The Rouge by Bvlgary үнэхээр гоё ихэмсэг, тансаг үнэртэй ус шүү. Нэг хэсэг чухам манъяк шиг бага зэрэг гаж нэртэй усанд их дурладаг байсан нь тэр үеийн насны онцлог байжээ ккк Mania, Hypnose гээд л... Харин сүүлийн үед сүрчиг түрхэхээс үнэртэй усны орц орсон биений тос түрхэх илүү дуртай болсон, ялангуяа Perfumed velvet cream by Lolita Lempicka. Биенийхээ бүх арьсанд түрхэх давуу талтай тул бүх бие тэр чигээрээ сайхан үнэртэхээс гадна арьсанд ч тун таатай :)

Эрчүүд маань бүсгүй хүний үнэр ямар байвал зохих талаар өөрсдийн бодлоо хуваалцвал их баярлах болно шүү... Ус түрхсэнгүй гэхийн оронд эрчүүдэд ямар ус таалагддагаа хэлж бүсгүйчүүддээ туслаарай

APO

Wednesday, November 10, 2010

Tuesday, November 2, 2010

Сэтгэлийн толь

5 дахь өдөр зураач Zazaa буюу Наранцацралтын зургийн үзэсгэлэнгийн нээлтэнд уригдаж очиж сонирхов. Угаасаа ч түүний уран бүтээлд дуртайг хэлэх үү. Ямартаа ч Zazaa-гийн зурагнуудыг хармагц шууд танигддаг тул эдгээо сайхан бүтээлүүдийг туурвисан сайхан зураач бүсгүйтэй нүүр тулан танилцах болсондоо баяртай байв. Ер нь уран зураг, фото зураг эсвэл гар урлалын бүтээл ч бай ялгаагүй аливаа сайхан бүтээлийг хармагц л сэтгэлийн ямар нэгэн утас шууд хөндөгддөг... Ямар нэгэн нэмэлт тайлбар, элдэв яриа үгс огт хэрэггүй байдаг. Энэ удаагийн үзэсгэлэнгийн нэр нь "Татах хүч" буюу "Attraction". Харин уг үзэсгэлэн нь миний хувьд зургаараа татахаас гадна өөр нэгэн сайхан зүйлээр тэнд байсан хүмүүсийн сэтгэлийг татаж чадсан гэж үзэж байна. "Татах хүч" нэртэЙ зургаа дуудлага худалдаагаар зарж тэр мөнгөө хараагүй хүүхдүүдийн 29-р сургуульд хандивласан нь туйлын сайхан санагдсан.

Нүд - сэтгэлийн толь ба хүн өөрийн сэтгэл хөдлөлөө яаж ч нууж барих гэж хичээвч хүний нүд нь бүхнийг илтгэдэг гэдэгтэй би санал нийлдэг. Тиймдээ ч харцаараа бие биеэ ойлголцдог хүмүүс байдаг болов уу хэмээн бодогддог. Харин хараагүй хүмүүс, ялангуяа хүүхдүүдийн хувьд нарт дэлхийг харж мэдэхгүй, солонгын долоон өнгийн мэдрэхгүй бас бие биеэ харцаараа ойлгох боломжгүй гэдэг юутай гунигтай. Гэхдээ хүн амьдралыг яаж харахыг хүсэн амьдрал түүнд яг л тийм харагддаг гэх үг бас агуу. Миний анзаарсанаар бол хараагүй хүмүүсийн бусад мэдрэмж илүүтэйгээр хөгжиж тун авъяаслаг байдаг. Тэгээд ч хараатай хирнээ сайхан бүхнийг олж харж чаддаггүй хүмүүс ч олон таардаг шүү дээ. Тэднийг бодохоор бүүр илүү өрөвдмөөр... Өчүүхэн бодолдоо баригдаад сайхан бүхнийг анзаарч мэдэрч чадалгүй өөрийн амьдралыг гунигтай болгох нь элбэг юм даа. Дэргэдэх найзаа үнэлж анзааралгүй ганцаардалын далайд умбаж эсвэл хэтэрхий бардам зангаас болж дотно хүмүүстэйгээ ойлголцож итгэж чадахгүй нь улмаас өөрийн амьдралаа хүйтэн хөндий болдог. Амьдралыг зөвхөн өөрийн нүдээр дүгнэж болохгүй ч өөрийн сэтгэлээ тольдох нүдтэй байх нь жаргал... Өөрийн нүдээр харсан бүхнээ бусадтайгаа хуваалцаж, үзэл бодлоо солилцож байж хүн өөрийгөө оршин тогтнож, хөгжиж буйгаа мэдэрдэг болов уу.

Татах хүчийн нөлөөнд автсан,
APO