Wednesday, September 21, 2011

Sunday, September 11, 2011

No woman, no cry



No woman, no cry гэж нэртэй Bob Marley-ийн нэгэн сайхан дуу байдаг даа... Дээрхи нэрнээс огт эсрэг нэгэн сэдвийг хөндөх гэсэн юм. Өнөө цагт зарим залуучууд бүсгүйчүүдтэй тун ижил болохыг хараад уйлах ч биш инээх ч биш сонин санагдах болжээ. Та бүхний хувьд ямар санагддагийн мэдэхгүй ч надад нэгэн өдөр тун марзан зүйлүүд таарсан. Гэрч нь найз Түмээшка болой...

Марзагнал 1. Баруун 4 замд такси барих гээд зогсож байхад нэгэн машин дүрэм зөрчин огцом хаазлаад эргэх үйлдэл хийв. Машины цонх нь нээлттэй байсан тул дотор сууж буй 4 залуу ил тод харагдаж байлаа. Тэдгээр 4 залуу яг ижилхэн цагаан хослол буюу костюмнууд өмсөөд бүгд хар цамц, цагаан зангиатай байв. Хэдийгээр туйлын инээдтэй харагдаж байсан ч хуримын гэрч нар байх хэмээн бодов. Гэхдээ уг нь хуримын гэрч нарт ижил хувцас өмсгөх моод 80-аад оны үед л байсан санагдах юм.

Солиорол 2. Яг тэр өдөртөө Сансарын туннел дээр явж байхад бас өөр нэгэн 3 залуутай таарав. Нуруулаг, биерхүү 3 залуу хувцаслалтаа тун дэгжин тохируулсан хирнээ 3лаа ягаан зайрмаг долоогоод явж байлаа. Эмэгтэй хүн тасарсан байхад тун муухай гэдэгтэй хэн хүнгүй санал нийлдэг. Гэтэл 3 том залуу ягаан зайрмаг долоох нь бас яг нэг тиймэрхүү эвгүй харагдаж сонин сэтгэгдэл төрүүлдэг юм байна лээ.

Эцэст нь... Тэр өдрийнхөө орой Сансарын дэлгүүр орчихоод гэр лүүгээ туннел уруудан алхаж байтал өөдөөс нэгэн бүсгүй залууг үүрчихсэн яваа таарав. 2-3хан метр газар бус бараг 50 метр газар үүрээд өнгөрөв. Бодвол санасандаа бариад үүрүүлсэн юм байх гэх таамаглал дэвшүүлэв. Гэхдээ бүсгүй хүнд тийм ахадсан даалгавар өгөх шаардлага үнэхээр байгаа гэж үү? Бүсгүй хүнд энхрий, ялдам байх боломжийг нь үлдээж байгаасай

Гэртээ жаал эргэцүйлэн бодлоо л доо. Сүүлийн үед залуус үсээ ургуулан, бариу өмд өмсөж, маникюр хийлгэж хөмсөгөө засуулах нь энгийн зүйл болжээ. Одоо цагт энэ нь ойлгож хүлээн зөвшөөрөх зүйлсийн нэг боловч эрчүүдийг эмэгтэйлэг зан байдалтай болохыг хүлээн зөвшөөрч чадахгүй нь. Найз нөхөд нь зочилж ирэх гэж байхад эмэгтэй хүн мэдээж хоол ундаа бэлдэх нь зүй ёсных гэхдээ эр хүн нь толины өмнө эргэлдэж үсээ гельдээд зогсох арай бишээ. Нэгэн найзад маань яг тохиолдсон зүйл шүү.

Солонгос киноны залуус шиг уйланхай нөхөртэй болчихвол бүсгүйчүүд бид яах юм бэ? Эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг үгийг сана л даа. Бид хэдий бардам ихэмсэг байдаг ч гэлээ эр хүний эрхэнд л амьдрах учиртай. Эр хүний эрхэнд амьдрана гэдэг үгийг тун зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна. Эр хүн та ямагт бүсгүй хүнээс илүү холыг харах ноён нуруутай байхад бүсгүй хүн таныг л дагаж таны дэргэд амьдрана шүү дээ.