Monday, May 24, 2010

Манзушир ба можо

Өнгөрсөн хагас сайнд найз охидуудтайгаа Манзушир явахаар гэнэт шийдэв. Уг нь бол цаг аль хэдийнээ 4 өнгөрч бас дээр нь хотод шороон шуурга эхэлж байсан. Тэгсэн ч гэсэн тэнд сайхан нартай, гоё байгаа гэсэн итгэлтэйгээр Манзушир луу давхив. Зам зуур их сонирхолтой нээлт хийлээ. Яармагийн нэгэн дэлгүүрээр ороод чихэр жимс авах гэж байгаад нэгэн МОЖО олж харав. МОЖО буюу мөхөөлдөс /мороженое гэдэг үгийг товчлон можо гэдэг/ нь миний хувьд хамгийн дуртай амттан. Ямар сайндаа л 5 жилийн өмнө найз залуу маань юманд явах гэхэд нь би дургүйцэж байсан хирнээ можо авч өгөөд удахгүй ирнэ гэхэд нь за гээд л можотойгоо зууралдаад хоцорч байсан түүхтэй. Найз бүсгүй маань намайг можоноос болоод найз залуугүй хоцрох хүн гэж шоолдог байж билээ.

За тэр эртний түүх ч яахав... Яармагийн тэр жижигхэн дэлгүүрээс ёстой инээд хүрмээр бас сонирхол татам можог олж авсан. 4 ширхэгийг аваад машиндаа хүлээж байсан найз бүсгүйчүүд дээрээ очоод задалж өгөхөд бүгд үхтлээ инээж, зарим нэг нь өвчтэй, солиотой гэж намайг дуудсан хирнээ можогоо амтархан долоож идэцгээв. Оросын Инмаркогийн Долька хэмээх нэртэй Интоорын амттай можог та бүхэн идэж үзсэн үү..? Үзээгүй бол авч идээрэй. Амт нь хөөрхөнөөс гадна баяр баясал, инээд хөөр мөн зарим хүмүүст ондоо ч таашал өгөхүйц тун давгүй мөхөөлдөс байна лээ. Би ер нь үндэсний үйлдрвэрлэлээ дэмжих гэж хичээдэг ч энэ удаад шууд л Долька-г авсан. Долька нь хайлахгүй, удаан долоохоор гулжигнаад резинэн чихэрний орцтой юм шиг л ... ккк Ядаж байхад өнгө нь ч бас ягаавтар. Та бүхэн өөрсдөө идэж үзэхээрээ үлдсэнийг нь ойлгох биз дээ. Эхнэр эсвэл найз бүсгүйдээ заавал авч өгөөрэй. Тун хөгжилтэй бас сайхан байна гэж бодогдном. Ямартаа ч 4 бүсгүйг огтхон ч уйдаагаагүй баясгаж чадахуйц тийм л можо байна лээ. Нээрээ машины урд талын суудалд сууж байгаад арын суудалд сууж буй хүний майк руу шидэж онож оруулах нэгэн сайхан зүйл бол үзэтэй үрэл. Надад бол овоо авъяас байх шиг байна лээ. Нэг найзыгаа лав замын туршид үзэмтэй үрлээр буудаж хооллосон шүү.

Манзуширийн энэхүү аялал нь надад можо бас мэдээж янгир ямаа шиг уул хадаар үсчих найз бүсгүйчүүдээр маань үргэлж сэтгэлд бууж үлдэх болно. Цэлмэг тэнгэр, яргуй цэцэгс, урсах булаг бас мэдээж мянган одтой буудал... Энэ бүхнийг эргээд бодоход өөрийн эрхгүй инээмсэглэл тодрох юм. Зуны цаг ирж зүлэг ногоо ургаад та бүхэн минь агаарт гарахдаа хогоо энд тэнд бүү хаяарай.

Можонд дурлагч,
АРО

Sunday, May 23, 2010

MBA буюу Married but Available

Сүүлийн үед өөрсдийгөө МВА буюу Married But Available гэх залуус элбэгшсэн санагдах юм. Бэлэнчилсэн сэтгэлгээнээс болоод тэр үү эсвэл охид бүсгүйчүүд маань тийм үнэ цэнэгүй болсных уу? Эсвэл залуучууд маань гадаад руу ажиллах, сурах гэж их яваад жендерийн тэнцвэрт байдал алдагдсаных ч юм уу?

Гэрлэлт гэж ер нь юу юм бэ? Зарим хүмүүс гэрлэсэн ч хувь хүний эрх чөлөөнд халдаж болохгүй, өөр хүнийг сонирхож харах нь чөлөөтэй байх асуудал, сайхны өмнө харц буруугүй гэх юм. Сонголтоо хийх нь хувь хүний эрх гэдэг ба хэний ч эрх чөлөөг боож хүчээр байлгана гэж үгүй, гэхдээ гэрлэлт болон гэр бүл гэдэг чинь тодорхой үүрэг хүлээх учиртай санагдах юм. Гэрлэлтийн тухай хуулийн тодорхойлолтоос дараахи олж мэдэв:

"гэрлэлт" гэж хуулиар тогтоосон насанд хvрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чєлєєтэй, тэгш эрхийн vндсэн дээр гэр бvл болох зорилгоор хуульд заасны дагуу тєрийн эрх бvхий байгууллагад бvртгvvлэхийг;

3.1.2. "гэр бvл" гэж гэрлэлтийн vр дvнд буй болсон, эд хєрєнгийн бус амины болон эд хєрєнгийн эрх, vvргээр холбогдсон хамтын амьдрал бvхий гэр бvлийн гишvvдийг;

3.1.3. "гэрлэгчид" гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил vvрэг хvлээх нєхєр, эхнэрийг хэлдэг юм байна.

харин хүмүүсийн сэтгэл зүйн хувьд гэрлэлт болон гэр бүл буюу эхнэр, нөхөр гэж юуг ойлгодог юм бол доо..?

Эмэгтэй хүмүүс байгалаасаа моногам, харин эрчүүд полигам байдаг хэдий ч хууль тогтоомжийн дагуу олон эхнэр авч болдоггүй. Эхнэр хүн нөхөр нь өөр бүсгүйтэй уулзах асуудалд их эмзэг ханддаг. Харин эрчүүд маань хэрхэн ханддаг юм бол доо?

Миний хэд хэдэн найз бүсгүйчүүд маань эхнэртэй залуустай дотно харьцаатай байдаг. Тэр хүнийгээ өөрийн гэж хэзээ ч бодохгүй, хүссэн үедээ уулзахгүй, өөрийнхөөрөө байж чадахгүй хөндлөнгөөс харахад өмнөөс нь сэтгэл маань өвдөх шиг болдог. Эмэгтэй хүн л болсон хойноо бага зэргийн ихэмсэг зангаа гаргаад бардам байж инээж хөхрөөд юу ч болоогүй мэт царайлах ч сэтгэл нь цаанаа л эмзэг: гомдож баярлах нь амархан. Цаад хүн нь уулзах, ирэх сургаар хөл нь газар хүрэхгүй, нүд нь гялалзаад аз жаргалаар дүүрч гэрэлтэнэ. Магад зарим нь тэр хэзээ нэгэн цагт эхнэрээсээ салаад над дээр ирнэ гэсэн өчүүхэн найдвараар амьдардаг байх. Нөхөртэй бүсгүйтэй болзох эрчүүд бодвол бас л адилхан байх даа. Оройн цагаар уулзаж чадахгүй, өдөр ажлын дундуур хүний нүднээс далд нууцхан харц шидэж явах... миний бодлоор хүсэх зүйл огт биш юм. Тиймдээ ч би эхнэртэй хүнтэй уулзаж дотно харьцааны суурь цутгахгүй байх зарчимыг баримтладаг. Бусдад тарьсан зовлон эргээд өөрт ирдэг гэдэг. Магад тиймдээ би МВА хүмүүсээс хол байдаг байх. Бас нэгэн зүйлийг сайн мэддэг учир нөлөөлдөг байх. Тэр нь юу вэ гэхээр:

Үнэндээ МВА эрчүүд өөрийн гараар цутгасан байшингийн сууриа эвдэж, өөрсдөө барьсан байшингаа нураах юм гэж үү? байшин нь нураад өчүүхэн нуранги үлдсэн ч дахин босгох гээд л бүх хүч чадлаа дайчлах байх. Тиймээс охид бүчгүйчүүд маань үүнийг санаж хэрвээ МВА эрчүүдтэй холбогдох бол тухайн харьцаа ямар байх талаар анхнаасаа сайн мэдэж ирээдүйд шаналахгүй нь тул бодолтой л яваасай. Гэхдээ хүний амьдрал гэдэг хүссэнээр болдоггүй, цагаа тулаад өөрт минь тийм зүйл тохиовол би яахаа үнэндээ мэдэхгүй ч өөрийн зарчимдаа үнэнч байж хүний байшин руу гүйхгүй.

Thursday, May 20, 2010

Миний муу зуршил буюу 2 чононы тэмцэл

Муу зуршилгүй хүн гэж байдаг бол уу гэж өнөө өглөө бодов. Бусдыг бодохоос илүү өөр дээрээ бодлоо л доо. Би хир их муу зуршилтай хүн бэ..? Ямартаа ч зан ааш бус зуршилын тухай бодож байгаа ч муу зуршил нь зан ааштай бас холбоотой гэж бодогдов. Тэгээд нэгэн индиан домог санаанд буув:

Эрт дээр үед нэгэн хөгшин индиан өвгөн өөрийнхөө ач хүүдээ амьдралын үнэнийг өгүүлсэн нь:
- хүн бүрийн дотор тэмцэл явагддаг. Тэрхүү тэмцэл нь 2 чононы тэмцэлтэй ижил байдаг. Нэг чоно нь муу бүхнийг - атаархал, хардалт, харамсал, хувиа хичээсэн зан, амбици, худал хуурмагийг илэрхийлдэг.
Нөгөө чоно нь сайн сайхан бүхнийг - энх тайван, амар амгалан, хайр, найдвар, эелдэг зан, үнэн, энэрэл, үнэнч байдлыг илэрхийлдэг.
Бяцхан индиан хүүд өвөөгийн үгс нь их хүчтэй нөлөөлж, тэрбээр хэдэн хором дуугүйхан бодлогоширосны дараа ийнхүү асуув:
- Эцэст нь аль чоно нь ялдаг вэ?
Хөгшин индиан үл мэдэг инээмсэглэснээ
- Чиний илүү тэжээж дэмжсэн чоно нь үргэлж ялдаг хэмээн хариулав.

Бид бүхэн муу бүхнийг илэрхийлдэг чоныг яах гэж тэжээгээд байдаг юм бол? Энэ орчлонд муу муухай зүйл маш их байгааг мэднэ шүү дээ. Уг нь амар амгалан байдал, итгэл найдвар, хайр, энэрэл болон үнэн сэтгэлийг илүү дэмжих хэрэгтэй. Ер нь муу хүн гэж байхгүй, хүн бүр л дотроо тэмцэлдэж явдаг. Магадгүй эхний чоныг тэжээх нь илүү амархан, харин сайн сайхныг илэрхийлсэн чоныг тэжээх нь хэцүү байх. Үнэндээ бол хүнийг ойлгож, хайрлаж, түүнд итгэж дэмжих нь илүү хэцүү байдаг. Гэхдээ хэдий тийм ч гэсэн хэцүү бүхнийг даван туулснаар өөрийн дотоод тэмцэлдээ ялж хамгаас жаргалтай хүн болж мэдрэх нь бүүр илүү жаргал гэж бодно. Өнөөдрөөс эхлэн өөрийн муу чоныг тэжээхгүй бас муу зуршлаасаа салнаа. Хамгийн эхний ээлжинд нойроо харамлах зуршлыг үгүй хийх гэж үзЬе

Сайн чоныг дэмжигч,
АРО

Monday, May 10, 2010

Wednesday, May 5, 2010

Нүцгэн байхыг минь битгий хараарай

Хэдэн өдөр дулаараад орой ажлаа тараад алхах сайхан байнаа. Өчигдөр орой тараад Их дэлгүүр орох гээд алхлаа, гэтэл цочоод унах шахлаа. Манай охид бүсгүйчүүд маань яасан ч цочмоор хувцасладаг болоо вэ гээд ангайж жаал гайхаж бас багагүй инээлээ. Ер нь бол би эмэгтэй хүнийг бага зэргийн өдөөн хатгалттай хувцаслах нь сайхан гэж үздэг боловч манай охид бүсгүйчүүд маань арай л хэтрүүлж байх шиг санагдлаа. Хэв маягаа эвдэж байна гээд хичээцгээж буй нь арай л биш юмаа. Гэхдээ эр хүний нүдээр хараагүй болхоор сайн мэдэхгүй л байна.
Маш богино банзал буюу мини юбка дээр торон трико эсвэл бүүр цочмоор сонин сонин трико өмсөөд... яг "Хөөрхөн хүүхэн" кинонд гардаг нэгэн маш эртний мэргэжилтэй бүсгүйчүүд шиг л ... уг нь богино банзал өмсвөл трико нь арай даруу байвал хавьгүй сайхан харагдах боломжтой л доо. Гэвч банзалтай хэд ч бас гайгүй байна лээ. Хөдөө явах гэж байгаа 3 бүсгүйг хараад бүүр муужирах шахсан. Баянхонгор аймаг руу явах гээд фургонд сууж байна лээ. Тэгсэн хирнээ хувцаслалтыг нь харвал Метро эсвэл Масс ордог ганган охид шиг л ... үнэн дайчин 10-12 см өсгийтэй гуталтай, сүүлийн үед чухам "моод" болоод байгаа урт нимгэн цамцтай ... тэгээд доогуураа өмд ч үгүй, банзал ч үгүй, ядаж рейтуз /leggins/ өмсөж болох байтал рейтуз /leggins/ ч үгүй зүгээр л нимгэн трикотой. Ядаж байхад жаахан л хөдлөхөөр цамц нь дээшээ сөхөгдөөд нэвт харагдах триконоос гадуур 5 цэг буюу өгзөгний тал нь гараад ирэх нь тэр дээ. Өөрийн эрхгүй "Нүцгэн байхыг минь битгий хараарай" гэж дуу санаанд орох юм. Уг нь би энэ дууг караокед дуулах тун дуртайсан.
Ер нь эмэгтэй хүн биенийхээ аль нэгэн хэсгийг ил гаргаад бусад нь далд, харц булаах төдий байвал сайхан дур булаам харагддаг гэдэг. Харин хамаг юмаа шахуу ил гаргаад байвал эр хүнийг юугаараа татах юм бүү мэд. Нууцлаг зүйл үгүй бүгд ил байхаар эр хүн сонирхмооргүй юм. Эсвэл эсрэгээр байдаг юм бол уу..? Эрчүүд л хэлж мэдэх байх даа. Би хувьдаа бүх зүйлээ ил гаргаж харуулахын оронд үл ялиг өдөөн хатгалттай байхыг илүүд эрхэмлэдэг. Ер нь л ретро стильд ихэд дурласных уу эсвэл нас маань явсных уу хэтрүүлэгтэй хувцаслалтыг хараад цочдог болжээ. Гадныхан манай бүсгүйчүүдийг маань маш эртний мэргэжилтэй гэж бодох вий гэж айх юм даа. За тэгээд урин дулаан цаг ирээд охид бүсгүйчүүд маань хувцасаа нимгэлсэн ч жаахан учиртай хувцаслаасай. Манай охид бүсгүйчүүд маань хичнээн сайхан билээ ;)))
Цочирдсон,
АРО

Tuesday, May 4, 2010

Бүсгүй хүн

Сүүлийн хэдэн өдрүүдэд өвөл байж байснаа гэнэт зун болчих шиг юм. Угаасаа огцом халуун болчихоор өмсөх хувцасаа ч тохируулж чадахгүй хэцүүдэж байнаа. Хавар намрын хувцастай халууцаад л зуны хувцас өмсөх гэхээр даарах ч юм шиг... Тэгсэн хирнээ зүлэг ногоо огт ургаагүй... энд тэнд хальт цухуйсан ногоо л бага зэрэг зун болон хаврын санагдуулнам. Бүсгүй хүний хувьд цаг агаар ийм байх үед өглөө ажилдаа явах гэж хувцаслана гэдэг бас нэг асуудал. Амихандаа л өмнөх өдөр нь бодоод бэлддэг ч гэсэн яг өмсөх гэхээр нэг л болж өгөхгүй ёстой балай шүү. Тэгээд ухаж ухаж, сольж сольж нөгөө л өмсдөг цамц, банзал эсвэл өмдөө гаргаад өмсчихнө. Ийм хэмнэлээр хувцаслахаар яаж ч сайхан харагдах билээ гэж зарим нь боддог байж магад.
АРО, миний биеийн хувьд бол өөрөө өөртөө сэтгэл хангалуун сайхан хувцаславал тэр өдөр сайхан л байдаг. Гэхдээ бодоод байсан чинь энэ бас худлаа. Цэвэр ичимтгий Монгол бүсгүйн зан надад байдаг гэж худал хэлээд юу гэхэв. Намжир хаяад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг .. нэг тийм байдлаар хувцаслах дургүй бүсгүйчүүд бараг байхгүй. Үнэндээ харц чулуудан ширтэж буй залуусыг мэдрэх сайхан. Магад тэдний харцыг мэдэрч илүү сэтгэл хангалуун болдог байх. Өөртөө итгэлтэй, баяр баясгалантай бас мэдээж илүү дур булаам харагдах хүсэл төрдөг. Нэг ийм үг санаанд орлоо: "Эр хүн бүсгүй хүнийг хэдий чинээ эрхэмлэж, эрхлүүлж бас хайрлан бүсгүй хүн төдий чинээ сайхан харагддаг". Өөрөөр хэлбэл бүсгүй хүн хэрхэн харагдах нь эрчүүдээс шууд хамааралтай - яг толь шиг.
Анхаарахгүй байвал цэцэг шиг шарлаад, гундаад, хатаж эхлэнэ. Бүсгүйчүүд бид жижигхэн зүйлд их баярладаг, ялангуяа хүсэн хүлээсэн яг тэр мөчийг нь мэдрээд өчүүхэн ч гэсэн халамж, анхаарал эсвэл энхрийлэлийг өгөхөд л хангалттай. Мэдээж энэ нь сэтгэлийн таашаалыг хэлнэм. Үүнд эдийн сонирхолдоо хэт автсан бүсгүйчүүд хамаарахгүй нь ойлгомжтой. Гэхдээ нэгэн зүйлийг дурьдахад бид халамж, анхаарал болон энхрийлэл хүсээд хүлээхээс өөр зүйл мэддэггүй хүмүүс биш шүү. Бид итгэл, амар амгалан байдлыг харамгүй өгч чадахаас гадна ... яг дараахи онигоо шиг: Эмэгтэй хүнд юу ч өгсөн түүнийг арай том болгож өгдөг... Түүнд сперм өгвөл хүүхэд болгож өгнө, Түүнд гэр өгвөл үүр болгож өгнө, Түүнд ногоо өгвөл хоол болгож өгнө, Түүнд нэг инээд өгвөл зүрхээ өгнө, Түүнд нэг дуу дуулж өгвөл танд концерт тоглож өгнө, Өөрт нь өгч байгаа юуг ч үржүүлээд олон болгоод өгнө... ;))) Харин их мөнгө өгвөл үржүүлэх нь юу л бол ул овоо шиг их хувцас болгох магадлал өндөр шүү kkk
Загасчин бүр Алтан Загас харахыг хүсдэг, бүсгүй бүр Үлгэрийн Ханхүүг харахыг хүсдэг, залуу бүр Үзэсгэлэнт Гүнжийг харахыг хүсдэг тэгэхээр бүгдээрээ ЛУУВАН сайн идэж хараагаа сайжруулцгаая!!! Лууван сайн идэж бие биеэ илүү сайн харж, нэг нэгэндээ үргэлж сайхан харагдацгаая :)))
Энэ дашрамд бүх бүсгүйчүүдийнхээ нэрийн өмнөөс эрчүүд Та нартаа талархаж явдагаа илэрхийлье! Та нарын анхаарал, халамж бас тэр нэгэн харц байдаг л учир бүсгүйчүүд бид сайхан харагддаг юм шүү. Залуучууд та бүхэн цаашид ч тэр нэгэн харц, энэ тэрээ үргэлжлүүлэн харамгүй өгнө гэдэгт итгэнэм.
Талархсан,
Аро