Wednesday, October 27, 2010

Арван хоёр үзэмж

Нэгээхэн бээр-тогос шувуу өд сөдөө үлэмжлүүлэн явах шиг
Нэгээхэн бээр-донж үзэсгэлэнт бүсгүй өмнө минь гарч ирлээ
Нэгээхэн бээр-нартай бороо гэрэлтэн орох шиг
Нэгээхэн бээр-найртай тэргүүлэгч цэцэг мандан бадарваа

Нэгээхэн бээр-хун шувуу уснаа хөвөх шиг
Нэгээхэн бээр-хусан лавай хасыг үзүүлэн чадаад
Нэгээхэн бээр-бусад цэцгүүд гөвөгдөх адил
Нэгээхэн бээр-бурамт хаврын анхилам мандарваа үнэртвээ

Нэгээхэн бээр-хөхөө шувуу донгодох үес
Нэгээхэн бээр-хөнгөн хурц чийрэг мээмийг нүднээ хавчуулаад
Нэгээхэн бээр-бор хул гэгээ гялбалзуулан
Нэгээхэн бээр-босоо, босоо хурц цэцэг дэлбээлвээ

Нэгээхэн бээр-богширго шувуу исгэрэх сонсдон
Нэгээхэн бээр-байван шүднээс инээд цахиваа
Нэгээхэн бээр-улаан шарангуй будгийг найруулан
Нэгээхэн бээр-улам гоё Цан цэцэг нэгэн жигд цоморлигоо дэлгэвээ

Нэгээхэн бээр-лам шувуу ум мани, ум мани гэх шиг
Нэгээхэн бээр-лавтай сэтгэлийн яриа бүдэг бадаг дуулдаваа
Нэгээхэн бээр-зүүн уулын хөндийгөөр салхи үлээх шиг
Нэгээхэн бээр-зүүдний улаан лянхуа үзэгдэвээ

Нэгээхэн бээр-зэс ягаан балын уруулд эрвээхий согтох шиг
Нэгээхэн бээр-зэргийн залуус хөгжилдөн түлхэлдэж шавиралдваа
Нэгээхэн бээр-шинийн саран тэнгэрт цухуйж
Нэгээхэн бээр-шилийн дөрвөн цаг дор жамъянмядаг цэцэглэвээ

Нэгээхэн бээр-намрын нууранд галуу гоог, гоог дуугараад
Нэгээхэн бээр-яламын модны навчин чимэгт ээмэг гялсхийвээ
Нэгээхэн бээр-намуун гоёмсог байдал ирж
Нэгээхэн бээр-наранцэцэг гурван зүйлийн өнгөөр чимвээ

Нэгээхэн бээр-цэн тогоруу явгалан гүйх шиг
Нэгээхэн бээр-цэнхэр үүлэн даашинз сөхөгдвөө
Нэгээхэн бээр-жихүүн амьсгаа ихэмсгээр ойртож
Нэгээхэн бээр-тэсвэрт удвал цэцэг өөдөөс тосвоо

Нэгээхэн бээр-цахлай шувуу элин халин нисэх шиг
Нэгээхэн бээр-цагаан яшил чээжийг ил гайхуулжээ
Нэгээхэн бээр-цасны ариг уснаас хүртэх мэт
Нэгээхэн бээр-цац модон бадма цэцэг ургаваа

Нэгээхэн бээр-мөнгөн ногтруу өвснөөс дэрхийн одох шиг
Нэгээхэн бээр-мөрөн дээгүүрээ бошинзоо бүсгүй мулталваа
Нэгээхэн бээр-мөөмөн ургамлын салаа биенээ хүрч
Нэгээхэн бээр-мөсний цагаан-уул цэцэг дэлгэрвээ

Нэгээхэн бээр-цэцэрлэгийн дотор бөднө шувуу буйлах шиг
Нэгээхэн бээр-цэвцгэр пансан хөшиг туналзваа
Нэгээхэн бээр-сэмжин цагаан манан нүүрэнд шивэрч
Нэгээхэн бээр-сэрүүн цэцэг усны чулуун дунд хонолоо

Нэгээхэн бээр-алтан гургалдай тоосны үзүүрт дуулахуй
Нэгээхэн бээр-агт морьд торгоны замд сульдаваа
Нэгээхэн бээр-үс гэзгээ самнасан мэт үүлэн борооны үйл өнгөрч
Нэгээхэн бээр-үзэмж арван хоёр дахь нь цахирмаа цэцэг болов оо

Tuesday, October 26, 2010

Smile...



Хүмүүсээ чин сэтгэлээсээ инээмсэглээрэй ;)))

Sunday, October 24, 2010

Дулаахан аялал

Саяхан Дэмчигийн хийдээр аялж үзээд өөрийн эрхгүй Хамрын хийдийг очиж үзэх хүсэл төрөв. Угаасаа бараг жилийн өмнөөс явж үзэх хүсэл байсан боловч яг бүр зорьж шийдэж чадахгүй явсаар өнгөрсөн 5 дахь өдөр явахаар төлөвлөн аялалын хөтөлбөрөө гаргаж найз нөхөддөө санал болгов. Олон найз нар дэмжин явах хүслээ илэрхийлж байсан ч яг явах өдөр болоход 4 хүн тулж үлдэв. 5 дахийн өглөө эрт очиж төмөр замын тасалбараа авах гэж зөндөө хүлээж зогссон ч тасалбар дуусаж бага зэрэг сандаргасан шүү. Тэгсэн хүмүүс 5 дахийн Шандын суудлын тасалбарыг хэзээ байтлаа оочерлож авч байсан юм гэж байна лээ. Найз охины маань нөхөр нь танил талдаа хэлж байгаад нөгөө чухам дуусаад суудал байхгүй гээд байсан галт тэрэгний тасалбарыг авчихсан шүү. Төрсөн өдрийн бэлгэнд галт тэрэгний чиргүүл хүсмээр юм байна гэж бодогдсон :)

Миний хийдэг ажил - аялалын зохицуулагч тул аялалд тун нухацтай хандахыг хичээдэг ба аялалтай холбоотой мэдээлэл, тулгарч болзошгүй асуудал гэх мэт бүхнийг аль болох урьдчилан бодож бэлдэхийг эрмэлздэг тул ихэнхидээ аялалд явах нь туйлын хариуцлага гэдэг утгаар хүлээн авч цаг агаарын байдал гэх мэт давагдашгүй хүчин зүйлээс гарч болох саадын талаар бодон ямар нэгэн хэмжээнд стрессдэж эхэлдэг сул талтай. Харин энэ удаагийн аялалд тун санаа амар байсан учир нь хамт явсан найз нар минь чин сэтгэлээсээ хандаж сайн дэмжсэн. Ялангуяа 2Т буюу аялалд оролцсон 2 залуудаа ихэд баярлаж байнам. Бас өөрийн нэг сонин талыг сайтар анзаарч ирлээ. Чухам бүх юмыг өөрөө бодож, өөрөө шийдээд сурчихсан ба тэр хэмжээгээрээ жаахан аминчхан хандлагатай болсон байна. Өөрийнхөө аягыг бэлдэж, өөртөө ундаа хийгээд уудаг ... бодоод байсан чинь санаа зовмоор санагдсан. Уг нь өөрийгөө тэгж бодож үзээгүй ч жинхэнэ хосуудын дэргэд бол их л гологдохоор юм байна лээ.

Би бүх хорвоог үзээд аялаагүй ч ийш тийш зөндөө л явж байсан, гэхдээ энэ аялал шиг сэтгэл дулаацуулсан аялалыг санахгүй байна учир нь хүн гэдэг бие биедээ дулаан сэтгэл өгч байж стрессгүй, сэтгэл тайван амгалан болдог юи байна гэдгийг тун сайн мэдэрсэн. Ямар ч асуудал гарсан дэргэд үнэхээр түшигтэй, нөмөр нөөлөгтэй хүн байхаар өөрийн эрхгүй тайвширч юу ч болсон санаа амар байх юм байна лээ. Тиймээс энэ удаад хаана очиж юу үзсэн гэдгээ хуваалцахаасаа илүүтэйгээр аялалыг маань дулаахан бас хөгжилтэй байлгасан 2 залуу буюу 2Т-д МАШ ИХ БАЯРЛАЛАА гэмээр байна. Эмэгтэй хүн ямбатай байвал тэнэг, харин эрхлэнгүй байх нь гайхалтай сайхан юм байнаа. Эрхлэх боломжийг харамгүй өгсөнд талархнам ;)))

Дулаацсан,
АРО

Tuesday, October 19, 2010

Friend or foe?

Та бүхэн анзаарсан бол би нэгэн найзынхаа талаар дурьдахгүй тун удсан. Түмээшка гэх найзыгаа дурьдах битгий хэл уулзалгүй их удлаа даа. Хүний амьдрал болсон хойно муудалцаж, гомдож туньсан хоёр нөхөр бараг 5 сар гаруй уулзсангүй. Хэд хоногийн өмнө би залгаад өөр нэгэн найзын төрсөн өдөр хэмээх шалтагаар уулзаж хүйтэн дайныг зогсоов. Ийнхүү дэлхийн дулаарал бид хоёрын харилцаанд дахин нөлөөлсөнд туйлын баяртай байгаа гэдгээ илэрхийлмээр байна. Өчигдөр Түмээшка маань тэр үеийн асуудлын талаар www.biznetwork.mn гэх сайтад "Хэнийг жинхэнэ найз гэх вэ" гэх нэртэй хэлэлцүүлэг нээж бичсэн гэдгээ хэлэв. Ер нь бол би угаасаа жинхэнэ биш л дээ... Копи буюу хуулбар... Энэ тоглоом бишээ үнэний ортой шүү учир нь би ихрийн өрөөсөн ккк. Тэр хэлэлцүүлэг нь намайг гэгээнтэн биш гэдгийг сайтар нотолж байгаа. Ямар нэгэн байдлаар хүнд тэгтлээ нөлөөлж гоморхсон сэтгэлээ илэрхийлэх сэжүүр болсоныгоо мэдрэхэд сонирхолтой л байлаа. Ингэлээ гээд би хүний гомдолоос кайф авдаг мазохист эсвэл садист үзэлтэн биш шүү. Зүгээр л нэг тийм сонин мэдрэмж төрөв. Олон нийтийн сайт болхоор тум буман сэтгэгдэл үлдээж хүн бүр өөрийн бодлоо илэрхийлсэн байна лээ. Бүх сэтгэгдэлийг харах боломж байгаагүй ч би найз гэж ер нь юу юм бол хэмээн бодов.

НАЙЗ... энэ үгийг бид бүгд хар багаасаа өнөөг хүртэл өдөр тутамд хэрэглэсээр ирсэн ба ирээдүйд ч хэрэглэсэн хэвээр байна гэж итгэнэм. Найз гэх энэ үгийг бүгд хэрэглэдэг хирнээ бид энэ үгээ бүрэн утгаар нь мэддэг бол уу? http://mn.wikipedia.org дахь нэвтэрхий толиор ороод энэ үгийг хийгээд хайж үзлээ. Өөдөөс ...Энэ викид "Найз" гэсэн хуудсыг үүсгэх! гэсэн бичиг гарч ирэв. АНД гэж хийгээд үзсэн ч ялгаагүй адил байв. Монгол хэлний мэдлэг тааруу тул дур мэдэн бичиж чадсангүй. Уг нь вики-д найдвартай байгаа гэж бодсон юмсан. Тэгэхээр нь англиар бичиж хайлт хийх гэж оролдлоо. Тэнд болхоор Friendship гэдэг үгтэй холбон тодорхоЙлолтыг нь өгөхөөс гадна улс орны онцлог шинж чанараар нь хуваагаад тун сайн бичсэн байна. Сонирхож харвал нэг иймэрхүү тодорхойлолттой:

1. хоорондоо хувийн сонирхол, таталцал болон "мэдрэмжээрээ" холбогдох хүмүүс.
2. дэмжлэг, туслалцаа өгдөг хүн.
3. сайхан харилцаатай, найрсаг зантай хүн.
4. нэг үндэстэн, намын гишүүн.
5. шашны нийгэмлэгийн гишүүн.

Ер нь хүүхэд хүмүүжүүлэхдээ энэ үгийг юу гэж тайлбарлаж өгвөл зохистой вэ? Уг нь хэл зүйн хувьд тодорхой заачихсан бол амар байх л даа. Ядаж байхад найз гэх энэ үг маш олон тодотголтой. Жинхэнэ найз, жирийн найз, ангийн найз, багын найз, найз залуу, найз бүсгүй, сайн найз, муу найз, тэр бүү хэл муусайн найз гэх мэт олон янз байхаас гадна одоо үед бүр шоуны найз ч гэж бий болсон гэнэ.

Бодоод байсан чинь ер нь сайн, муу, жинхэнэ, жирийн эсвэл хуурамч гэх тодотгол нь буруу санагдав учир нь тэр бүхнийг хэмжих хэмжүүр нь хүн бүрийн хувьд ондоо. Хүмүүс хайртай хүнээ ямар нэгэн зүйлийн төлөө бус зүгээр байгаагаар нь хайрладагтай адил найздаа ч тийнхүү хандах хэрэгтэй юм байна. Хайрыг томъёолж болдоггүйн адил нөхөрлөл болон найзыг томъёолох арга үгүй. Сайн зүйл хийлээ гээд найзлах бус харин зүгээр л ЧИНИЙ НАЙЗ гэдгээр нь найзлах хэрэгтэй байх. Буруу үед нь хэлж, ядрах үед нь дэмжиж, уур хүргэх үед уурлаж, инээх үедээ инээж, өөрт тань урам хэрэгтэй үед таныг хурцалж өөрийнхөөрөө л байх өөрийн найзыгаа гамнаарай... энэхүү сэдвийг найз Түмээшкадаа зориулмой.

Дэлхийн дулааралд өртсөн,
АРО

Sunday, October 17, 2010

БИ



Ижийг минь төрөх гэж ёолоход
Зуун цэцгийн дэлбээ тасарсан ч
Намайг төрөөд чарлахад
Мянган цэцэг цомирлогоо дэлгэсэн.

Намайг төрлөө гэж
Дэлхийн жин нэмэгдээгүй ч
Би яахын аргагүй нэмэгдэхүүн.

Би газар, тэнгэрийн хүү
Дуртгал маргааш хоёрын хэлхээ
Дуу нулимс хоёрын голтриг
Хоёр туйлыг холбосон уртраг
Төрөх үхэхийн дундах бодгаль
Гэрэл сүүдрийн цогц.

Өөрийгөө элээж
Өрөөлийг ирлэж дуусах
Өнжүүлийн хөх билүүний хэлтэрхий.

Би дороо эргэлдэх өдөр шөнө
Нарыг жилдээ нэг тойрох газрын хаан
Намайг тэврэх гэж ярагдсан газрын шархыг
Нар алтан утсаар хөвөрдөхийн цагт
Би хасагдахуун.


Уулчин найз Дашкадаа баярлалаа :)

Thursday, October 14, 2010

Өдөөн хатгалттай зураг



Мэдээллийн эх сурвалжийг илгээсэн иргэн Б танд АРО миний бие талархаж байнаа.

Wednesday, October 13, 2010

Gobi









Miss Mongolia 2010


Өчигдөр орой зурагтын суваг сольж байгаад санаандгүй Мисс Монголиа 2010 тэмцээнийг хальт харлаа. Гэтэл юу олоод харчихав гээд бараг цочоод унах шахав. Эхлээд удаагүй бололтой бүх оролцогч бүсгүйчүүд маань КАНКАН хийж байхыг хараад алмайрав. Миний санахын Канканыг бохир бүжигт тооцож баар болон цэнгээний газар хийдэг байсан. Уг нь гоо бүсгүй гэдэг нь зөвхөн царайлаг төрх, тэгш бие хааг хэлээд зогсолгүй хамгаас чухал нь энэрэнгүй сэтгэл, хүмүүнлэг чанар, мэдлэг боловсрол хэмээх зүйлсийг өөртөө шингээсэн байх учиртай гэдэг. Тиймдээ ч энэ тэмцээн олон улсад хүлээн зөвшөөрөгдөж түүнд түрүүлсэн эрхэмсэг бүсгүй сайн үйлийн аянд томилогддог болой. Гэхдээ энэ олон жилийн туршид миний мэдэхийн тус тэмцээнд түрүүлсэн гоо бүсгүйчүүдийн хэн нэг нь зохисгүй үйлдэл хийвээс титэмийг нь хураадаг байсан учир нь тэднийг сая сая охид бүсгүйчүүдэд муу үлгэр дууриалал болж сөрөг нөлөө үзүүлэх гэж шалгаруулдаггүй.

Гэтэл манайхан канкан бүжгийнхээ учрыг мэддэггүй бололтой... Яаж тэмцээндээ энэ бүжгийг оруулсаныг би огт ойлгоогүй. Канкан нь XIX зууны 30-аад оны үед Францад үүссэн ба түүнийг цэнгээний газрын бүсгүйчүүд хийдэг байсан. Канка́н - франц. cancan, махчилан орчуулвал — чимээ, шуугиан. Мулен Ружийн шөнийн эрвээхэйнүүдийн талаар та бүхэн сонсож байсан байх. Мэдээж өнөө цагт бүх зүйлийг арай өөр өнцөгөөс харж урлагийн төрөлд орж байгаа ч Мисс Монголиа тэмцээнд канканыг оруулах нь дэндүү зохисгүй санагдсан тул шууд сувгаа солив. Ичих үхмээрээ...

Ичсэн,

АРО

Monday, October 11, 2010

ОТ & энергийн төв

Хагас сайн өдөр Өмнөговь руу ажлаар явж ирлээ. Хүн ер нь орчиноо сольж үзээгүй, хараагүй газар явж байх нь ихэд чухал гэдгийг бүүр мартах шахаж. Хотын бужигнаан дотор нээх л их яарч, цаг нартай уралдаж утаан нөмрөгтэй Улаанбаатардаа түгжирч бухимдсан хүмүүсийн дунд байсаар дасаж. Оюу Толгой гэх нэрийг сонсоод 8 настай хүүхдээс 80 өвгөд хүртэл андахгүй болтол нь шуугиж элдэвээр яригддаг тэр газар өдрөөс өдөрт улам ихээр өөрчлөгдөж ажлыг яаж хийдэгийг чухам яруу тодоор харуулж байх шигээ. Орон орны пролетариуд нэгдэгтун! гэх социализмын уриа тэнд ч бас тохирохоор байна лээ. Янз бүрийн үндэстэнгүүд нэг дор цугларч нэгэн зорилготой ажиллаж буй нь бахархмаар ч нөгөө талаас мөнгө гэдэг ямар хүчтэйг сүрдэх шиг. Ямартаа ч бум бужигнаж түм түжигнэсэн газар яахын аргагүй мөн дөө.

Ер нь ямар ч хүн тэнд анх очиод харь гариг дээр ирчихсэн мэт санагдахын зэрэгцээ би энд юу хийх юм бол гэж бодогдмоор ч аяндаа амьдралын шинэ хэв маягт дасан зохицдог бололтой. Ямартаа ч миний хувьд тэнд цаг наргүй ажиллаж буй залуучуудыг хараад бахархах сэтгэл төрсөн. Жаахан хүүхэд байхад Зөвлөлтийн залуучууд БАМ-ыг хэрхэн босгож байсан талаар уншиж байхад маш их сэтгэгдэл төрүүлж байсан маань санаанд оров. Намын сурталчилгаанд явж буй хүмүүс шиг чухам том том зүйл ярьж Оюу Толгойн төслийг магтах хүсэл байхгүй, харин зөвхөн ажилдаа хариуцлагатай хандаж буй залуусыг дурьдах хүсэл төрөв. Ажил өглөө 6 цагаас эхлээд оройны 6 хүртэл үргэлжилдаг ба газрын гүнд ажилладаг залуус үдийн цайгаа авч яваад доороо уудаг. Ер нь бол өглөө 6-аас орой 6 хүртэл өдрийн ээлж ажиллаж харин орой 6-аас өглөө 6 хүртэл шөнийн ээлж тулж ажилладаг. Нэгэн зүйлийг нэмж хэлэхэд аюулгүй ажиллагааны хувцас, гутал, малгай болон бусад хэрэгслэл нь нилээд хүнд ба тийм их зүйл өмсөж зүүгээд 1385 метрийн гүнд ороод 4 гаруй км алхах гэхээр шууд муужирмаар, гэтэл уурхайчин залуус зүгээр нэг алхахгүй бас багж хэрэгслэлээ нааш цааш зөөнө... Би бол шууд мөлхөөд унах юм байна лээ. Гэтэл манайхан цаад учирыг мэдээгүй байж ургуулан бодох чадвар туйлын сайтай болхоороо тэр үү олборлолт эхлээгүй байхад л хамаг баялагийг маань ухаад ачаад явчихлаа гэх яриа гаргахыг яана. Хамгийн сонирхолтой нь тэнд ажиллаж байгаа хүмүүс бүгд цаанаа нэг л налайсан, ямар нэгэн зүйл хийхдээ тун аажуу... Магад тэр нь тэдний амьдарч буй Говь нутгийн нөлөө юм бол уу?

Говь нутаг гэдэг цаанаа л налайсан бөгөөд энд тэнд таарах тэмээ нь тайван амгалан юутай сайхан... Эрт дээр үед Говьд зах хязгааргүй далай байсан ба одоогийн Говь бол тэр далайн ёроол гэдэг нь үнэн байхаа. Ажлын бүсгүй Оюунана бид 2 төлөвлөсөн ажлаа хийж дуусгачихаад энергийн төв Дэмчөгийн хийдээр орохоор шийдэв. Оюу Толгойн уурхайн талбайгаас гарах гэж зөвшөөрөлийн олж аваад ямартаа ч хүссэн газар луугаа зорив. Юм үзээгүй хотын хүүхдүүд замдаа элдэв зүйл шалгааж, инээдэмтэй таамаглал дэвшүүлж бас болоогүй ээ тэрийгээ бараг нотлоод яваад байсан. Хамт явсан жолооч болон нутгийн зам заагч эгч 2-рт бидний яриаг сонсох хөгжилтэй байх шиг байсан.

Энергийн төв гээд нээх л том сүртэй зүйл төсөөлөн очсон чинь нүдэнд тусаж сүрдэхээргүй овоо харагдсан боловч яг овоон дээр нь гараад суусан чинь ямар сайхан болсон гээч... Тэр хавийн газар алган дээр тавьсан мэт харагдаж өөрийн эрхгүй алмайрсан шүү. Хүн ер нь эрч хүч, эрмэлзэл тэмүүлэл, энергитэй байх нь өөрийн сэтгэхүйгээс хамаарах асуудал гэж боддог ч Дэмчөгийн хийд, Говийн нутаг яахын аргагүй тэр аяараа л сайхан энерги өгдөг юм байна лээ... Данзанравжаагийн байгуулсан Дэмчөгийн хийд, Хамрын хийд болон Хайчийн хийд 3 нийлээд гурвалжин үүсгэдэг ба тэр гурвалжинд багтах нутаг энерги ихтэй гэж ярьдаг юм байна. Дэмчөгийн хийдийн дэргэд "Боов" хэмээх бага зэргийн эрос нэртэй нэгэн хад байдаг юм байна. Их л хачирхалтай бас нүдэнд тусахуйц хэлбэртэй тэр хаданд нөхөрт гараагүй болон хүүхэд гаргаагүй бүсгүйчүүд сүү өргөж хүслээ шивнэдэг юм байна. Шинэ жилээр Өвлийн өвгөнд захиа бичиж хүүхэд гуйж байснаас сонин хирнээ нэг л танил хэлбэртэй хаднаас хүүхэд хүсэх нь арай илүү үр дүнтэй байх магадлалтай хэмээн бодож Оюунана бид 2 бас бус хүслээ шивнэж амжуулав... Биелсэн эсэхийг хянах гэж бүү асуугаарай ;)
Буцах замдаа Баяжихын хэмээх агуйгаар айлчилсан бөгөөд тэнд орж мөнгө үрвэл сайн гэв. Агуй руу дөнгөж ормогц дотно танил үнэр мэдрэгдсэн нь арц бас шар тосны үнэр байв. Хүн 30 гараад ийм болж өөрчлөгддөг юм бол уу? Ингээд бодохоор хүн хөгширөхөөрөө өөрийн төрж унасан нутаг руугаа тэмүүлдэг нь аргагүй бололтой. Хэдэн тэмээ аваад тэнүүн сайхан Говьд амьдрах хүсэл өөрийн эрхгүй төрсөнийг нуугаад юу гэхэв... Сэгс Цагаан Богдын тэмээчин бүсгүй яагаад нутгаа орхиж чадаагүй ойлгох шиг болсон шүү

Эрч хүчээр дүүрсэн,
АРО

Дөрвөн цаг

Хавар
Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар

Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санан


Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ

Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.


Зун
Цагийн сайхан зуны эхэнд
Газрын сайхан хангайн нуруунд
Хөхөө шувуу урьхнаа донгодох үес
Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай

Ногооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахад
Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ
Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад
Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно

Үзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгш
Эрийн гурван наадам монголын манлай баясгалан
Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу
Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал

Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна
Хээр хөдөөд таван хошуу мал дураараа бэлчинэ
Өрх бүрийн үүдэнд айраг сархдын үнэр сэнгэнэнэ
Ийм сайхан баясгалантай тийм сайхан жаргалтай.


Намар
Намрын шар нар над дээр, чам дээр тусна
Найган найгах улиралд нь бид бас найгана
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна

Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ

Өглөөний хяруу сувдын адил гялтгана бууралтахад
Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ

Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээ унахад
Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.


Өвөл
Алсын салхи жихүүхэн амьсгалаар тас няс хийхэд
Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө
Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад
Уудам талд жинчин хүний дуулах яруу

Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад
Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд
Бэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахад
Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ

Өндөр газрын хүйтэн тасхийм тасхийм, ясхийм ясхийм
Монголын залуус нүүрээ цогтой, нүдэндээ галтай
Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд
Хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана

Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал
Уул, ус, нар, сартай нөхөрлөнө
Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй

Wednesday, October 6, 2010

Цэцэгчний хүслэн

Photos by APO
Эрвээхэйг цэцгэн дээр суулгах гэж 80 юм болсон шүү kkk




Цагаан уул


Шар өнгийн тюльпан байвал бүүр гоё



Мартын 8-ны бэлгээ ургуулж буй байдал



Эцэст нь хамгийн дуртай цэцэг маань

кекс буюу ...

This summary is not available. Please click here to view the post.