Хагас сайн өдөр Өмнөговь руу ажлаар явж ирлээ. Хүн ер нь орчиноо сольж үзээгүй, хараагүй газар явж байх нь ихэд чухал гэдгийг бүүр мартах шахаж. Хотын бужигнаан дотор нээх л их яарч, цаг нартай уралдаж утаан нөмрөгтэй Улаанбаатардаа түгжирч бухимдсан хүмүүсийн дунд байсаар дасаж. Оюу Толгой гэх нэрийг сонсоод 8 настай хүүхдээс 80 өвгөд хүртэл андахгүй болтол нь шуугиж элдэвээр яригддаг тэр газар өдрөөс өдөрт улам ихээр өөрчлөгдөж ажлыг яаж хийдэгийг чухам яруу тодоор харуулж байх шигээ. Орон орны пролетариуд нэгдэгтун! гэх социализмын уриа тэнд ч бас тохирохоор байна лээ. Янз бүрийн үндэстэнгүүд нэг дор цугларч нэгэн зорилготой ажиллаж буй нь бахархмаар ч нөгөө талаас мөнгө гэдэг ямар хүчтэйг сүрдэх шиг. Ямартаа ч бум бужигнаж түм түжигнэсэн газар яахын аргагүй мөн дөө.
Ер нь ямар ч хүн тэнд анх очиод харь гариг дээр ирчихсэн мэт санагдахын зэрэгцээ би энд юу хийх юм бол гэж бодогдмоор ч аяндаа амьдралын шинэ хэв маягт дасан зохицдог бололтой. Ямартаа ч миний хувьд тэнд цаг наргүй ажиллаж буй залуучуудыг хараад бахархах сэтгэл төрсөн. Жаахан хүүхэд байхад Зөвлөлтийн залуучууд БАМ-ыг хэрхэн босгож байсан талаар уншиж байхад маш их сэтгэгдэл төрүүлж байсан маань санаанд оров. Намын сурталчилгаанд явж буй хүмүүс шиг чухам том том зүйл ярьж Оюу Толгойн төслийг магтах хүсэл байхгүй, харин зөвхөн ажилдаа хариуцлагатай хандаж буй залуусыг дурьдах хүсэл төрөв. Ажил өглөө 6 цагаас эхлээд оройны 6 хүртэл үргэлжилдаг ба газрын гүнд ажилладаг залуус үдийн цайгаа авч яваад доороо уудаг. Ер нь бол өглөө 6-аас орой 6 хүртэл өдрийн ээлж ажиллаж харин орой 6-аас өглөө 6 хүртэл шөнийн ээлж тулж ажилладаг. Нэгэн зүйлийг нэмж хэлэхэд аюулгүй ажиллагааны хувцас, гутал, малгай болон бусад хэрэгслэл нь нилээд хүнд ба тийм их зүйл өмсөж зүүгээд 1385 метрийн гүнд ороод 4 гаруй км алхах гэхээр шууд муужирмаар, гэтэл уурхайчин залуус зүгээр нэг алхахгүй бас багж хэрэгслэлээ нааш цааш зөөнө... Би бол шууд мөлхөөд унах юм байна лээ. Гэтэл манайхан цаад учирыг мэдээгүй байж ургуулан бодох чадвар туйлын сайтай болхоороо тэр үү олборлолт эхлээгүй байхад л хамаг баялагийг маань ухаад ачаад явчихлаа гэх яриа гаргахыг яана. Хамгийн сонирхолтой нь тэнд ажиллаж байгаа хүмүүс бүгд цаанаа нэг л налайсан, ямар нэгэн зүйл хийхдээ тун аажуу... Магад тэр нь тэдний амьдарч буй Говь нутгийн нөлөө юм бол уу?
Говь нутаг гэдэг цаанаа л налайсан бөгөөд энд тэнд таарах тэмээ нь тайван амгалан юутай сайхан... Эрт дээр үед Говьд зах хязгааргүй далай байсан ба одоогийн Говь бол тэр далайн ёроол гэдэг нь үнэн байхаа. Ажлын бүсгүй Оюунана бид 2 төлөвлөсөн ажлаа хийж дуусгачихаад энергийн төв Дэмчөгийн хийдээр орохоор шийдэв. Оюу Толгойн уурхайн талбайгаас гарах гэж зөвшөөрөлийн олж аваад ямартаа ч хүссэн газар луугаа зорив. Юм үзээгүй хотын хүүхдүүд замдаа элдэв зүйл шалгааж, инээдэмтэй таамаглал дэвшүүлж бас болоогүй ээ тэрийгээ бараг нотлоод яваад байсан. Хамт явсан жолооч болон нутгийн зам заагч эгч 2-рт бидний яриаг сонсох хөгжилтэй байх шиг байсан.
Энергийн төв гээд нээх л том сүртэй зүйл төсөөлөн очсон чинь нүдэнд тусаж сүрдэхээргүй овоо харагдсан боловч яг овоон дээр нь гараад суусан чинь ямар сайхан болсон гээч... Тэр хавийн газар алган дээр тавьсан мэт харагдаж өөрийн эрхгүй алмайрсан шүү. Хүн ер нь эрч хүч, эрмэлзэл тэмүүлэл, энергитэй байх нь өөрийн сэтгэхүйгээс хамаарах асуудал гэж боддог ч Дэмчөгийн хийд, Говийн нутаг яахын аргагүй тэр аяараа л сайхан энерги өгдөг юм байна лээ... Данзанравжаагийн байгуулсан Дэмчөгийн хийд, Хамрын хийд болон Хайчийн хийд 3 нийлээд гурвалжин үүсгэдэг ба тэр гурвалжинд багтах нутаг энерги ихтэй гэж ярьдаг юм байна. Дэмчөгийн хийдийн дэргэд "Боов" хэмээх бага зэргийн эрос нэртэй нэгэн хад байдаг юм байна. Их л хачирхалтай бас нүдэнд тусахуйц хэлбэртэй тэр хаданд нөхөрт гараагүй болон хүүхэд гаргаагүй бүсгүйчүүд сүү өргөж хүслээ шивнэдэг юм байна. Шинэ жилээр Өвлийн өвгөнд захиа бичиж хүүхэд гуйж байснаас сонин хирнээ нэг л танил хэлбэртэй хаднаас хүүхэд хүсэх нь арай илүү үр дүнтэй байх магадлалтай хэмээн бодож Оюунана бид 2 бас бус хүслээ шивнэж амжуулав... Биелсэн эсэхийг хянах гэж бүү асуугаарай ;)
Буцах замдаа Баяжихын хэмээх агуйгаар айлчилсан бөгөөд тэнд орж мөнгө үрвэл сайн гэв. Агуй руу дөнгөж ормогц дотно танил үнэр мэдрэгдсэн нь арц бас шар тосны үнэр байв. Хүн 30 гараад ийм болж өөрчлөгддөг юм бол уу? Ингээд бодохоор хүн хөгширөхөөрөө өөрийн төрж унасан нутаг руугаа тэмүүлдэг нь аргагүй бололтой. Хэдэн тэмээ аваад тэнүүн сайхан Говьд амьдрах хүсэл өөрийн эрхгүй төрсөнийг нуугаад юу гэхэв... Сэгс Цагаан Богдын тэмээчин бүсгүй яагаад нутгаа орхиж чадаагүй ойлгох шиг болсон шүү
Эрч хүчээр дүүрсэн,
АРО
Monday, October 11, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment