Tuesday, June 30, 2009

Нэгэн бүсгүйн ...

* * *

Хөнгөхөн, зөөлөн хирнээ
Хөндий, хүйтнээр ахыгаа аргадах мэт
Хоромхон зуур чамайг хайрлах
Бүсгүй хүний гар зөндөө олдоно

Энгэрт нь толгойгоо нааж
Элдэв зүйл бодолгүй, санаа амар
Болчимгүй нойронд автуулах
Бүсгүй хүний мөр зөндөө олдоно


Нууцхан зовлонг чинь мэдэж
Бие сэтгэлийн шархыг бүхэлд нь биш ч
Нэгээхэн хэсгийг ч атугай олж харах
Бүсгүй хүний нүд хэзээд олдоно

Гэхдээ…

Зовлонт үед магнайд чинь
Бусдаас онцгой энхрий, зөөлнөөр хүрэхэд нь
Хувь тавилан ч юм шиг, бүхий л амьдрал шиг санагдах
Нэг л бүсгүйн гар бий ...

Чамд яаж заяасан юм гэмээр
Нэг л шөнөд бус үүрд мөнхөд өгөгдөх
Нэг л бүсгүйн мөр бий гэдгийг
Чи аль хэдийнээ ойлгож мэдэрсэн

Эцсийн өдөр хүртэл чинь
Үргэлж гуниглангуй харах
Чиний л хайр, хүн чанарыг мэдэх
Энэ л бүсгүйн нүд бий...

Харин чи тэр бүхнийг үл ойшоож
Хөөрхий энэ л бүсгүйн тэр л гар,
Тэр л мөр бас гуниглангуй нүд чамд багадаж…
Тэр бүхнээс чи амьдралдаа хэд ч урвав даа!


Чи хольбирч, шаналж, гуниглаж
Өөрөө ч энэ бүхнийг өршөөж чадахгүй,
Гагцхүү энэ л энхрий бүсгүй
Гашуун гомдолтой байгаа ч уучилна чамайг

Зөвхөн тэр л ядарсан мөр
Өөрийг чинь одоо ч уучилна, цаашид ч уучилнаа
Зөвхөн тэр л гуниглангуй харц
Өршөөж болошгүй гэх тэр бүхнийг уучилнаа...

1 comment:

Anonymous said...

Other arms reach out to me
Other eyes smile tenderly, but
Still in the peaceful dreams I see
The road leads back to you... /Georgia on my mind/
Энэ дууны энэ мөрүүдийг санагдууллаа :)