Өнгөрсөн долоо хоногт www.biznetwork.mn хэмээн сайтын талаар сонслоо. Урьд өмнө нь хальт сонсож байсан ч ер сонирхож үзээгүй. Харин нэгэн танил маань тэдний зохион байгуулсан Нэрийн хуудас-2 хэмээх арга хэмжээнд уриад очиж сонирхсон юм. Мэдээж зохион байгуулагчийн хувьд зарим нэгэн зүйлд анхаарч өөрчилвөл зүгээр гэж бодсон ч ер нь бол давгүй санагдсан. Угаасаа аливаа зүйлийг хийхээс шүүмжлэх нь илүү амар байдаг тул бусдыг ажлыг учиргүй шүүмжлэх хүсэл төрөхгүй байна.
Өнөөдөр уг сайтад орж гишүүнээр элсэн оров. Тэгээд уурхайчин бүсгүй би Уул уурхай хэмээх бүлэгт элслээ. Тэнд "Гэрээлэн гүйцэтгэгч" хэмээх нэртэй нэгэн нийтлэл уншлаа. Харамсалтайн гэрээлэн гүйцэтгэгчийн талаар мэдлэг муутай байж бичсэн байна лээ. Ер нь манайхан гэрээлэн гүйцэтгэгчийн талаар юу мэддэг бол..? гэж бодоглоо. Миний хувьд гэрээлэн гүйцэтгэгч компанид ажилладагийн хувьд их чухал зүйл гэж боддог. Гэтэл тухайн нийтлэлийг бичсэн хүн хөндлөнгийн өнцгөөс өнгөц хараад л барууны компаниуд хор найруулан мөнгөтэй нэгнийг сонголоо хэмээн бодсон нь гайхал төрүүлнэ. Бодит байдал дээр барууныхан аливаа зүйл их ул суурьтай ханддаг ба тэдний ажлын тогтолцоо нь эрүүлжсэн байдаг тул манайхан шиг "арын хаалга", танил талаа ашиглан ажил гүйцэтгэх нь ховор. Тэд юуны түрүүнд ажлаа сайн гүйцэтгүүлэхийг л хүсдэг. Баруунд манайх шиг хамаатан садангаар дүүрсэн компани байдаггүй. Тухайн компаний эзэн нь байж болох ч тэр хүн удирдах чадваргүй бол удирдлагын ажлыг хийж чадах хөндлөнгийн хүнийг л томилдог.
Гэрээлэн гүйцэтгэгч компани гэдэг бол асар их хариуцлага. Захиалагчийн хүссэн зүйлийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх гэдэг бол тухайн ажлыг зүгээр л нэг хийгээд дуусгах зүйл биш. Тухайн ажилдаа сэтгэл зүрхнээсээ хандаж, өөрийн хувь нэмрээ оруулж эргээд ирэх хариуцлагыг тооцоолж ажиллахыг хэлэх байх гэж би бодном. Жишээ нь манай байгууллагын хувьд ямагт захиалагчийн шаардлагад нийцүүлэн өөрийн ур чадвараа гаргаж гүйцэтгэж буй ажлаа бүрэн ухамсарлахыг нэн тэргүүнд тавьдаг. Манай компани өөрийн зарчим, үйл ажиллагаагаа явуулах философи, дүрэм журмыг нилээд нарийн гаргаж тогтоосон байдаг. Үүгээр зогсохгүй бидний мотто буюу уриа бол: "Аюулгүй ажиллагаа - нэгт, төгсгөлд, үргэлж" гэдэг. Энэ нь манай компаний бүх ажилтанууд ажлын ба ажлын бус цагаар аюулгүй байдлын эрхэмлэн өөрсдийгөө нэгэн том гэр бүлийн гишүүд гэдгээ марталгүй байнга хариуцлагатай байж компанийхаа нүүр царай болж явдагийг ямагт санах ёстой гэдгийг агуулдаг. Мөн гэрээлэн гүйцэтгэгч компанид ажиллана гэдэг нь юуны өмнө захиалагчийн хүсэлт, сонирхол, дүрэм журмыг мөрдөх болдог. Энэ нь тийм ч амар зүйл биш. Бид ажлаа гүйцэтгэхдээ хувийн хандлага гаргаж амбицид хөтлөгдөх асуудал гаргаж болохгүй яагаад гэвэл эцсийн үгийг захиалагч л хэлдэг. Тиймээс гэрээлэн гүйцэтгэгч компаний ажилтан хичнээн өндөр албан тушаалд байсан ч захиалагч компаний хамгийн доод түвшний албан тушаалтантай муудалцах буюу сөргөлдөх асуудал гаргах ёсгүй. Гэвч энэ нь хүлцэнгүй байх гэсэн үзэл биш, харин санал нийлэхгүй эсвэл ондоо үзэлтэй байвал түүнийгээ хамгаалж өөрийн ур чадвараа үзүүлэх боломж хэзээд байдаг. Ингэхдээ бид туслан гүйцэтгэгчээ сонгохдоо өөрийн эх орныхоо компаниудыг ажиллуулахыг эрхэмлэдэг.
Манай монголын компаниуд ажилдаа хариуцлагатай хандаж, тухайн салбарынхаа хөгжил цэцэглэлд бага ч гэсэн хувь нэмрээ оруулж буйг нь харах тун сайхан бахархалтай байдаг.
Би хувьдаа гэрээлэн гүйцэтгэгч компанид ажилладагаараа бахархдаг, учир нь бид захиалагчийн өндөр шаардлагад нийцүүлэн захиалагчийн гүйцэтгэж чадахгүй байгаа зүйлийг хийдэг. Ингэхдээ маш их зүйлийг мэдэж сурч байдаг ба байнгын хөгжин дэвших давуу талтай. Ялангуяа хувийн амбици, карьер хөөдөггүй эмэгтэй хүн гэрээлэн гүйцэтгэгч компанид ажиллахад бүр сайхан. Учир нь өөрийн эрх үүргийнхээ хэмжээнд тухайн асуудлыг өөрөө шийдэж хариуцлагаа хүлээх бүрэн боломжтой. Тэрнээс биш нэг асуудал шийдүүлэх гэж бусдаас хамаараад насаараа хүлээгээд суудаг газар биш харин ч ажил нь байнга бужигнаж, ажлынхаа үр дүнг мэдэрч байдаг. Харин Та карьер хийж хувийн амбицийг харуулах байлдааны талбар хайж эрэлхийлж явдаг бол гэрээлэн гүйцэтгэгч компани танд тохирох газар биш гэж бодогдном. За, тэгээд эцэст нь дүгнэхэд ажил бүхэн сайхан гол нь өөрийн ажилдаа сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье!!!