Ойрд сэтгэл маань нэг л тавгүй, тогтворгүй байлаа... ямар нэгэн зүйлд сэтгэл хангалуун бус... юугаа хэрхэн өөрчлөхөө мэдэхгүй эргэлзээтэй байдал үүсээд. Уг нь бол ажил ихтэй дээрээс нь найз Суугинаа маань Баянхонгороос ирээд гадуур гүйх ажил ч мундахгүй байсан хэдий ч тэр тавгүй мэдрэмж ер салахгүй байлаа. Энэхүү мэдрэмжийг үгээр илэрхийлэхэд бэрх: тодорхой бус даалгавар авчаад хаа хүрч, юу хийхээ мэдэхгүй төөрчихсөн юм шиг.
Өчигдөр төөрөлдсөн бүсгүй, миний бие өмнө нь төлөвлөж байснаараа "сайн санааны үйлчилгээ" хийхээр явлаа. Энэ нь юуг хэлж байгаа гэхээр тахир дутуу эсвэл өвчин зовлонтой хүмүүс дээр очиж өөрийн чадах хэмжээгээр туслах, сайхан ярилцаж суухыг хэлж байгаа юм. Ийнхүү явж буй хүмүүс маань ямар нэгэн шашны байгууллага, сайн үйлсийн сан эсвэл нийгэмлэг гэсэн сүртэй гоё нэртэй биш ч гэсэн тэнд өөрийн сайн дурын үндсэн дээр чадах хэмжээнд бусдыгаа дэмжих хүслээрээ нэгдсэн хүмүүс юм. Манайхны дунд тийм сэтгэл, бодолтой хүмүүс зөндөө байдаг юм байна лээ.
Сэрчмаагийн дууны "хаа ч явсан цуг гэж мэдээрэй" гэдэг шиг л 2 найз Түмэшка, Суугинаа хоёрыгоо дагуулаад явлаа. Анх бодож байснаас огт өөр зүйлийг мэдэж авлаа. Тахир дутуу, өвчин зовлонд нэрвэгдсэн хэмээн тэднийг өрөвдөх нь буруу гэдгийг мэдэрлээ. Бид ч туслах биш, харин бүр эсрэгээр тэд нараас мэдэж сурч авах зүйл их байна лээ. уулзаад ярилцахад би юу хайгаад олохгүй байсныгаа ойлгож авсан. ТЭМҮҮЛЭЛ гэх зүйл надаа дутагдаад байсныг ойлгож авлаа. Илүү ихийг мэдэх, хийх тэмүүлэл маань үгүйлэгдээд байж. Тэд өөрийн зовлон гэх зүйлээ даван туулах, амьдралд хэрэгтэй зүйл сурах, сайхан зүйл хийх, цаашид амьдрах хүчтэй тэмүүлэлтэй. Гэтэл би эрүүл саруул атлаа тэмүүлэлээ гээсэн гэдгээ ухаарав. Ямартаа ч цаашид эдгээр хүмүүсээс сурах зүйл их бас тэд нарт өөрийнхөө хэмжээндээ туслах, өөрийн амьдралдаа цаашид хаашаа тэмүүлэхээ тодорхой болгож авлаа. Та бүхэн маань ч гэсэн өөрийн зорьсон хүссэндээ биелүүлэн сайн сайхан бүхэн рүү тэмүүлж яваарай!
Тэмүүлсэн,
Аро
No comments:
Post a Comment