Ойрын хэдэн өдрүүдэд МИАТ-ын ажил хаялтаас болоод ажил арай дэндүү ачаалалтай байлаа. Энэ жил дэлхийн авиа компаниуд их сонин байгаа. Гэнэт огцом хуваариа өөрчлөөд дээр нь Чингис Хаан онгоцны буудал засварт ороод л... бүгд давхцаад 4 болон 5 сарыг арай хийж л ардаа гаргалаа. Ядаж байхад яг энэ үеэр төв оффисоос 2 менежер ирсэн. Ер нь манай төв оффисоос дарга нар ирэхээр бас нэгэн төрлийн ядаргаа. Ажлаа арай ядан амжуулж байхад бас тэднийг зугаацуулах соёлын хөтөлбөр зохиох болдог. Уг нь туршлагатай мундаг хүмүүс л дээ. Зөвхөн манай компанид ажилласан нийт хугацаа нь гэсэн чинь одоогийн байдлаар миний насалж буй 31 дэхь жил дээр 5 жил нэмээд 36 жил ажилласан байх жишээтэй. Ажил гэж бужигнасаар байтал нэг мэдсэн халуун ус маань алга болжээ. Зарлал энэ тэр харах сөхөөгүй байсан ба ер нь тэр тухай зарыг тавьсан эсэх нь эргэлзээтэй л дээ. Ямартаа ч нэгэн өглөө сэрээд угаалгын өрөөндөө ороход хүйтэн ус намайг тосон угтлаа.
Ядаж байхад би шүршүүрт орох туйлын дургүй... чухам л сайхан тухалж хэвтэж ном уншингаа усанд орох муу зуршилтай. Уг нь ч үүнийгээ муу зуршил гэж бодож байгаагүй боловч халуун ус тасрах үед бол яалт ч үгүй муу зуршил хэмээн бодогдов. Усанд хэвтмээр санагдаад байдаг, гэтэл хүйтэн усанд хэвтвэл хөлний минь хэдэн хуруунууд тасраад уначих биз. Эмэгтэй хүний хувьд педикюр хийлгэлгүй энэ насыг барна гэвэл эмгэнэл биз дээ айн... Хүйтэн шүршүүрт ороход л зовиуртай байгаа юм чинь... Хүйтэн шүршүүрт байнга орвол турж бэлхүүс нарийсах нь сайхан ч шүршүүрнээс үсэрч гармагцаа биенийхээ хэсгүүдийг бүрэн бүтэн эсэхийг шалгахгүй бол аль нэг хэсэг нь хөлдөөд тасраад унасан байх магадлал өндөртэй. Ер нь манайхан яагаад л жилээс жилд зун болмогц хэдэн нүх ухаад трубануудаа нухаад байдаг юм бол?! Үнэндээ яг юу хийдэг юм бүү мэд. Эрүүл ухаанаар тунгааваас нэг л засчихвал жил бүр тэгж ухах шаардлага баймааргүй юм.
Хөөрхий муу нийслэл хотоо харахаар сэтгэл өвдөх юм. Энд тэндгүй нүх ухаастай, зуун задгай, зам нь засвартай тул хаагдаастай... Арга ч үгүй биз дээ анхнаасаа хамгийн ихдээ л 300,000 хүн амьдрахаар тооцологдож баригдаж байсан гэсэн. Их нүүдлийн үр дагавараа гэж =( Гэхдээ л засварын ажлыг төлөвлөлтийн дагуу чанарын өндөр түвшинд хийж болмоор л юм. За тэгээд эцэст нь аливаа зүйл сайн ба муу талтай тул үргэлж муухайг нь хараад яахав. Халуун ус тасарсаны ачаар ганц бие бүсгүйчүүдэд болон залуучуудад бас нэгэн боломж нээгдэж байна. Халуун усанд орох тусламж авах нэрийдлээр өөртөө таалагддаг хүнийхээ гэрт очих бололцоо бүрдэв. Тиймээс нэг сумаар хоёр туулай буудаад байж дээ. Усандаа ч ороод бас сонирхол татам хүнийхээ дэргэд байгаад... Ер нь халуун ус таслахын төлөө ЗА гэж хэлцгээе!!!
Халуун усыг мөрөөдсөн,
АРО
P.S: Martin Luther King-ийн агуу үгийг иш татаж газрын бичигхэн асуудлыг хөндөж буйг та бүхэн уучилна бизээ... Энэ дашрамд Халуун усны тусламжийн аянг зарлаагүй байхад сайн дурын үндсэн дээр сайхан сэтгэл гаргаж халуун дулаанаар гэрт нь очиж усанд орох урилга өгсөн найз нөхөддөө баярлалаа =) Даана ч найз нь айлд усанд үнэхээр орж чаддаггүй тул тэвчээд, итгээд, хүлээхээс өөр сонголт үлдэхгүй нь.
Thursday, June 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment