Tuesday, September 7, 2010

Төөнөт буюу team building

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр ажлынхантайгаа Төөнөт гэж газар очиж амрав. Идэвхитэй амралт хүмүүст туйлын тустайг хэлүүлэлтгүй байх. Харин тэнд нэгэн онцлог шинж буй нь хамт олон, найз нөхөд эсвэл гэрийхэнтэйгээ очиж хамтдаа нэгэн зорилгод тэмүүүлж саад бэрхшээлийг давах дасгал хийж болхоор газар байна лээ. Энэ нь тэр газрыг сурталчилах гэсэндээ бус харин мэдээллийг бусадтай хуваалцах гэсэндээ бичиэ байгаа юм. Угаасаа тэр газар байгуулагдаад аль хэдийнээ 5 жил болсон байна лээ. За, дэс дараалалтайгаар өгүүлвээс...

Монгол шилтгээн хүртэл нэгэн микро автобустай тохиролцож хүргүүлсэн ба орой эргээд авахуулахаар болов. Монгол шилтгээнээс ГАЗ 66 хэмээх машины ачаан дээр сууцгаан оффисийн цэмцгэр байдлаа мартаж нутгийнхаа сайхан шороонд булуулж эхэлсэн бөлгөө. Мэдээж дуутай хууртай ардаас гаралтай тул машины ачаан дээр дуу дуулцгааж инээд хөөрөөр дүүрэн нөхөд явцгаав. Хүрэх газартаа хүрэхэд бүх юм нь бэлэн ба зохион байгуулалт сайтай байна лээ. Мэдээж бүүр хачин гоё гэхээргүй ч сонирхолтой газар байна лээ. 4 дугуйтай мотоцикл, морь унаж таваг буудаж хөгжилтэй л байсан. Зарим нэгэн хүмүүс бол амьдралдаа анх удаа буудаж үзсэн ба цаашид хичээллэх хүмүүс ч тодров. Ажлын зарим залуус маань угаасаа анчин Журагийн хамаатнууд тул мундаг буудаж байна лээ. Над мэтийн хүмүүс бол бусдын зогсолт болон буудаж буй байдлыг нь ажиглаад чухам нухацтай хандаад нүдний шилээ зүүгээд буудсан ч авъяас ёстой байхгүй юм байна лээ. Буудаж байснаас бууз хуушуураа хийх нь надад илүү зохих шинжтэй. Дараагаар нь хоол ундаа идэж уугаад хамгийн сонирхол татахуйц хэсэг болох завиар аялахаар болов.

Завиндаа хүртэл машинаар цаг гаруй явсан... Би тийм хол гэдгийг нь ч мэдэхгүй мориор явах гэж байсныг яаана. Машинаар явахад л хачин аймар царайтай болсон тул морь унасан бол би бараг тэнд бүр мөсөн үлдэх байсан байх. Ядаж байхад хотод өссөн болхоороо морь унахдаа мууг хэлэх үү... За, тэгээд эцэст нь хав халтар бүлэг хүмүүс хүссэн газартаа очив. Ер нь завь сэлүүрдэж явна гэдэг тийм амар санааны зоргоор болдог зүйл биш байна лээ. Тэгээд багийн гишүүд нэгдэж бүгд нэгэн тэмүүлэлтэй ижил байхгүй бол завиа хөмрүүлж бултаараа голд унах эрсдэлтэй. Бас муугаа мэдэхгүй байж 3 завинд хуваагдсан багууд хоорондоо уралдах гэж үзэв. Ер нь аливаа зүйлийг хүчээр шийдэхгүй гэдэг яалт ч үгүй үнэн шүү. Хүчтэй хурдан сэлүүрдэхдээ бус харин нэгэн хэмнэлээр зөв залуурдсанаар хурдан явах юм байна лээ.

Манай баг эхэндээ 2 модны завсар гацаад ажлын Гааяа ах маань гацаанаас завиа гаргах гэж нарны шил болон малгайгаа золиослов. Ийнхүү саатсаны улмаас хамгийн сүүлд хоцорч маш их зүтгэл хичээл гаргаж байж 2-рт орсон. Харин төслийг менежерийн маань баг нь түрүүлж ирсэн нь түүний бусдыг сайн удирдах чадварыг дахин нотлох шиг болсон. Гэм нь тэдний багийн гишүүд гэж хөгжилтэй хүмүүс завиа сэлүүрдэх явцад мөчир таарахад нэг нэгэндээ мөчир хэмээн анхааруулан бүгд тонгойж гарсан атлаа нөгөө сайн удирдагч менежертээ орчуулж хэлэхээ мартаж багийн ахлагчаа гол руу унагаж. Хамгийн хөгжилтэй нь ахлагчийгаа унагаачихаад цаашид үргэлжлүүлэн сэлүүрдэж бас даргаа та хурдан сэлээд гүйцээчээ хэмээн хэнэггүйтсэн сурагтай.

Баг тус бүр паянтай явж бүгд амжилттайгаар барианд ирцгээхэд харанхуй болж буцах болов. Монгол шилтгээн рүүгээ эргэж ирэхэд биднийг авах микро автобус ирээгүй байсан болхоор хүлээх зуураа өдөр нь бараагүй хорхогоо амтархан идэцгээв. Харин манай 2 гадаад маань л бид нарыг гадаа яаж хоол идэж буйг маань гайхаж бас Бигмакаа мөрөөдөн үгүйлэх шиг болсон. Цаг явсаар нөгөө микробус нь ирэхгүй сүүлдээ аргаа бараад шууд зам дээрээс гар өргөж нэгэн шугмын микронд суув. Төслийн менежерийгээ микронд чихээд суулгахад ихэд алмайрсан ч гомдол гаргалгүй уурхайчин хүн шиг орчиндоо дасан зохицож хот руугаа ирцгээв. Тэр өдөр бүгд л өмнө нь огт хийж байгаагүй шинэ зүйлийг мэдэрч туршлага нэмсэн бөлгөө. Та бүхэн тэнд очвол тун их хөгжилдөх болно гэдэгт итгэнэм ;)

Багийн гишүүн,
АРО

No comments: