Sunday, April 18, 2010

Хонгор нутаг

Өнгөрсөн 5 дахь өдөр Баянхонгор руу найз Түмээшкатайгаа аялав. Бид хоёрын найз бүсгүйд маань ажил явдал гараад очих болсон. Анх удаа хөдөө ийнхүү аялахаар болов. Би ер нь хотод төрсөн, эндээ л өссөн бөгөөд ажлын томилолтыг эс тооцвоос хөдөө бараг явж байгаагүй. Гэхдээ сая өөрийгөө их эрх танхил болсоноо мэдэрлээ. Эмэгтэй хүнд байх л зан боловч энэ байдалдаа дэндүү уусчээ. Хөдөө амьдарч байгаа бүсгүйчүүдийг харахад надад их зүйл бодогдуулав. Нэг бодлын өрөвдмөөр амьдралтай юм шиг санагдсан хирнээ тэдний сэтгэл юутай өгөөмөр, цайлган бас дулаахан байдгийг мэдэрлээ.

Хүн бүрийн л амьдралд хүнд хэцүү асуудал тулгарч тэр бүхнийг хүн даван туулах гэж зүтгэдэг нь хорвоогийн жам. Хонгор нутгийг зорьсон энэхүү аялал надад нэгэн зүйлийг ихэд сануулж ойлгуулав. Улаанбаатарчууд бид ямар өрөвдмөөр өчүүхэн амьдралтайгаас гадна амьдралыг дэндүү нарийн өнгөц талаас мэдэрдэг болчоо вэ. Амьдралыг утга учрыг яасан өчүүхэнээр боддог болоо вэ..? Замын түгжрээнд түгжирч бухимдаад л, ажил ихтэй завгүй гээд нэг нэгэндээ санаа тавихаа бүүр больжээ. Нэг нэгнээ гэх сайхан дулаан сэтгэл үгүйлэгдэж гээгдсэн бололтой.

Зүгээр л нэг сайхан брэндын хувцас өмсөж, үнэтэй машин унаж, цэвэрхэн ажил хийж, зиндаархсан тансаг байр, хауз авч, гоё бүсгүй эсвэл залуутай тансаг газар орох нь тийм чухал зүйл гэж үү..? Энэ бүхний цаана нь дулаан сэтгэл, нэг нэгэндээ итгэх итгэл, хайр халамж маань үгүй болсоныг бид бүхэн ер нь анзаардаг бол уу..?

Сая хот руу буцахад автобусны тасалбар дууссан байв. Тэнэг хүнийг тэнгэр ивээн гэгчээр аз таарч Улаанбаатар руу явах гэж байгаа нэгэн гэр бүлийн машинд сууж ирсэн юм. Тэр хоёр нээх баян цатгалан хүмүүс биш л байсан. Өөрсдийн хэмжээндээ амьдралынхаа төлөө зүтгэж байгаа хоёр. Гэхдээ хичнээн сайхан харагдсан гээч. Хэдий хэцүү хүнд ажил хийж байгаа ч хамтдаа л зүтгэж, нэг нэгнээ гэсэн сайхан дулаахан сэтгэлтэйг нь мэдэрсэн.

Тэгээд өөрийн эрхгүй хотын бид дэндүү баруунжиж байгаа гэдгийг ухаарав. Баруунд л хүмүүс харахад нээх сайхан инээмсэглэсэн хирнээ цаанаа нэг л хөндий хүйтэн байдаг. Гоё сайхан орчин байгаа хирнээ яг цагаа тулахад дэргэд нь хүн үхэж байсан ч тоохгүй, баяр баясгалан, зовлон гунигаа хуваалцах хүнгүй сэтгэл нь хүйтэн, ганцаардмал байдаг. Миний хувьд тэгж амьдрахыг хүсдэггүй. Би найз нөхөдтэйгээ, гэр бүлтэйгээ сайхан амьдардагтаа сэтгэл хангалуун байдаг. Найз нөхөд маань ямар нэгэн зүйл асуухад би өөрийн чадлын хирээр тусалж дэмжихийг хичээдэг. Учиргүй баяжаад, карьер хөөгөөд байх бодол, хүсэл байхгүй. Миний хувьд сайхан тансаг машинд сууж явахаас илүүтэй зүгээр л цаг заваа гаргаад алхах нь илүү гоё. Хүнээс үнэтэй бэлэг сэлт авах биш харин намайг гэх дулаан сэтгэлийг мэдрэхийг илүүтэйгээр хүсдэг. Хий хоосон үзэмж, маягаас илүү энгийн амьдралыг үнэлдэг. Гэвч сүүлийн үед их хотын бужигнаан гэх бичигхэн тойрогт уусах дөхсөнийгөө мэдрэв. Хонгор нутаг руу явсан аялал надад нэгийг бодуулсанд талархнам.

Ийнхүү сэтгэгдэлээ бичсэн нь бусад найз нөхөд маань хотын бужигнаан дунд амьдралаа өөр өнцөгөөс харахаа умартан гүйдэг бол цаг зав гаргаад өөрийн сэтгэл нь хир дулаан байгааг мэдэрч нэгийг бодоосой гэсэндээ бичиж байгаа юм шүү. Ямартаа ч ирэх долоо хоногийн амралтын өдрүүдээрээ буяны үйлсэд сайн дураараа явж тусламж хэрэгтэй хүмүүстэй өнгөрөөхөөр шийдэв.

Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла! Дулаан сэтгэл, халамжийг нэг нэгэнтэйгээ харамгүй хуваалцаж сэтгэл дүүрэн яваарай!

Хүндэтгэсэн,
Apo

2 comments:

Anonymous said...

hairaa sanal 1 ba aa.Unuu ved tolgoitoi bolgon l bair mashintai bolohiig hvsdeg ch hvssenee awsnii daraa hooson setgelten bolj huwirch bgaa hvnii too olon boljee....hvn chanar geech yum haachwaaaaaa

Гантулга said...

Сайн байна уу?
Санал нэг байнаа.