Monday, June 21, 2010

Бэлэг

Хэд хоногийн өмнө ажлын охин Оюунка маань төрсөн өдрийн бэлгэндээ юу авах юм гэж асуулаа. Би юун холын юмыг асуудаг юм гэхэд хэдэн өдөр амраад ирэхэд Наадам тэгж байтал төрсөн өдөр чинь гэв. Нээрээ д бодсон чинь өнөөдөр жилийн хамгийн урт өдөр ба богино шөнө харин маргаашнаас нар буцах болчиж. Цаг хугацаа асар хурдтай өнгөрч байна даа... болдог бол өдрийн 25 цаг, долоо хоногийн 8 өдөртэй болох юм сан. Маргаашнаас өдөр богиносож хүйтний улирал удахгүй хаалга тогшоод ирэх нь дээ. Тэгэхээр төрсөн дөөр бол гялс л өнгөрөх нь үнэн юм байнаа.

Хүүхэд байхдаа төрсөн өдрөө хоног тоолоод хүлээдэгсэн. Хаашаа ч юундаа ч яаардаг байсан юм бүү мэд. Аан, тийм саналаа ; ) Хурдхан шиг 16 нас хүрч нэрээ солих гэж яаардаг байсан юм байна. Багадаа ээж аавдаа: “Яахаараа ганц охиндоо хөгшин эрэгтэй хүнийх шиг нэр өгдөг байнаа” гээд үгэлж өгдөг байж билээ. Бүр янз бүрийн нэр бичээд жагсаалт гаргаж санал хурааж ч үзсэн. Яг үнэндээ 16 хүрмэгцээ нэрээ солиод ч яах юм гээд гэнэт бодлоо өөрчилж билээ. Ер нь төрсөн өдөр маань миний хувьд хамгийн дуртай баяр минь. Хүмүүс их сонирхолтой дуртай: баяр чинь юу вэ гэхээр Наадам, Цагаан сар, Шинэ жил гээд л янз янзын юм хэлнэ. Хүмүүс тийм нэрэлхүү байдаг юм уу эсвэл би тийм хувиа хичээсэн хүн юм бол уу? Би лав хувьдаа төрсөн өдөртөө л дуртай.. надаас өөр хэн ч баярлахгүй шүү дээ.

Харин бэлэгний тухайд бол асуудалтай... Хүнээс бэлэг авахаас илүү хүнд бэлэг өгөх нь сайхан санагддаг. Хэн нэгэн хүн ямар бэлэг авмаар байна, юу захимаар байна гэхээр үнэхээр захиж хүсэх юм олддоггүй юм. Эсрэг хүйстэй хүнээс бэлэг авна гэдэг бол бүүр том асуудал шиг санагддаг. Хэн нэгэнд залууд өртэй болчих юм шиг санагддаг тул ер нь л бэлэгнээс зайлсхийж явдаг. Магад энэ эмэгтэй хүний өчүүхэн муу санаа байх. Гэвч энэ тал дээр хэд хэдэн найз бүсгүйчүүд маань санал нийлдэг тул би ганцаараа муу санаатай эмэгтэй биш юм шиг байна лээ.

Харин нэгэн удаа миний дотоод ертөнцийг бүхлээр нь нээж мэдэрч чадсан хамгийн үнэтэй бэлэг авсан. Тэр бэлгийг би ихэд нандигнаж хадгалдаг ба бэлгээ харах бүрт өөрийн эрхгүй инээмсэглэл тодорч сэтгэл маань өег болдог. Хэн нэгэн хүн миний дотоод байдлыг тэгж мэдэрч чадна гэж огт бодоогүй. Зарим хүмүүс юу гэдгийг мэдээд намайг шоолох байх, гэхдээ л ...Тэр нэгэн зүйл ямар холоос, хичнээн удаан, хэрхэн тээвэрлэгдэж ирсэнийг мэдвэл түүний үнэ цэнийг ойлгож магад... Өдөр тутамд харж, ярилцаж бас тоглож болохуйц тийм зүйл юм. Түүнийг үе үе оролдоод үрэхэд зөөлхөн, авсаархан бас цаанаа л дотно тул сэтгэлийг маань ямагт дулаацуулдаг ;) Ингээд бодохоор бэлэг гэдэг агуу хүчтэй шүү тэ?

Бэлэг нь тухайн хүний сэтгэлийг хөндөх тийм л зүйл байвал хамгаас сайхан гэж би боддог. Тэгээд ч хэн нэгэнд хүнд бэлэг өгөхөд тэр хүний нүд нь хэрхэн гэрэлтэж, инээмсэглэл тодрохыг нь харах хамгаас гоё санагддаг. Хэн нэгэнд бэлэг өгөхөд түүний баяр баясалтай, дотно тэр л харцыг харахад хүнд бэлэг өгсөн бус харин өөрөө шагнал авах шиг болдог. За, тэгээд хальт тоглоом шоглоом оруулж сонирхолтой болгохгүй бол онцгүй санагддаг тул өөрийнхөө толгойг гашилгаж элдэв юм бодож олтлоо нэг хэсэгтээ манан будан дунд л дүүлнэ шүү дээ. Даана ч ойрын үед манан буданд дүүлэх цаг ч алга... нээх л их ажил гэсэн хүн байна даа... Манан буданд нэг дүүлэх юм сан...

Манан буданг хүссэн,
АРО

1 comment:

bolono said...

"өдрийн 25 цаг, долоо хоногийн 8 өдөртэй" boloh yum bol delhii sununu, hehe.

bayar bur goyo, naadmaar huushuur idej, zuragtaar buh uzeh saihan. tsagaan saraar buuz idej, humuustei uulzah saihan, shine jileer tort idej, hotin/humuusin uur amisgal tsaanaa neg uur, ajlin, naizuudin, ger bulin shine jild ochij uuj ideh saihan. hehe.

tursun udruuruu naiz nartaigaa arhidaj tasrah saihan. margaash ni gerinhendee zemluuleh muuhai, shartah bas muuhai. hehe