Ойрын өдрүүдэд цас ороод, өвлийн хүйтэн цаг ирж дэлгүүр байгууллагын гадаа гацуур моднууд сүндэрлээд өөрийн эрхгүй айсаж буй шинэ жилийг санагдуулнам. Манай байгууллага шинэ жилийг ихэвчлэн эрт хийдэг жишээлбэл түрүү жил 12 сарын 5 хавьцаа тэмдэглэж байсан санагдана. Энэ жил бас ч арай хожуу 12 сарын 11-нд баяраа тэмдэглэх юм шиг байна. Манай бүсгүйчүүд шинэ жил дөхөж ирмэгц гэнэт ухаан орж даашинзандаа таарч амьдрах гээд шинэ жилийн сойлтондоо ордог. Усанд хивэг найруулж уух, элдэв тураах эм, кофе хэрэглэх, дан ганц усаар "хооллох" г.м. дээр нь төрөл бүрийн фитнесс, йога, аэробик, тураах төвүүдэд эрчимтэй явахыг нь яаана. Өөрөө өөрсдийгөө сайн дураараа тарчилаан зовоох ажилдаа эрч хүч, эр зоригоор дүүрэн ордог нь гайхалтай шүү.
Гэхдээ үнэхээр л гоё бас үнэтэй даашинз авчихаад түүндээ багтахгүй бол хэцүү хэцүү. Тэгэхээр эмэгтэй хүний хувьд шинэ жилийн даашинз болон илүүдэл жин гэдэг асуудал яалт ч үгүй тулж ирдэг. Уг нь бол байнга өөртөө анхаарал тавьдаг бол ийм асуудалтай гэнэт нэгэн өглөө тулахгүй нь лавтай. Гэхдээ хүн гэдэг угаасаа сонин ялангуяа монголчууд бид бүхэн бол цагаа тулгаж байж л ухаан ордог зантай. Ходоод бол хогийн сав биш гэдэг үгийг нэгэн танил маань хэлсэн. Тогооч мэргэжилтэй найз нар маань бол бүүр загнахыг нь яаана... өөрийгөө хорлож хог идлээ гээд. Гэм нь тэр хог гэгдэх хүнсний бүтээгдэхүүнүүд нь туйлын амттайг яалтай билээ...
Шинэ жилийн сойлтонд орж буй бүсгүйчүүдэд хэлэхэд заавал тэгж өөрийгөө зовоох хэрэг байна уу? Би хувьдаа шинэ жилийн даашинзыг оёулж өмсөх дуртай учир нь загвар болон материалаа өөрөө сонгох тул адилхан даашинзтай бүсгүйтэй таарахгүй нь лавтай. Хамгийн гол нь би даашинзандаа таарах гэж элдэв сойльтонд орох шаардлагагүй харин ч өөртөө тааруулаад л даашинзаа хийлгэх нь хавьгүй амар бас сайхан. Мэдээж өөгүй сайхан биетэй бүсгүйчүүд ховор тиймээс БИЕ хэмээх чөтгөрийг ХУВЦАС хэмээх бурханаар л зохицуулуулах хэрэгтэй. Заавал моод хөөх бус харин өөрийн биеийн сайхан талуудаа ил гаргаж дутагдалаа нууж чадваас та төвөггүйхэн сайхан харагдаж болно. Харин ганц хоёр илүү килограммаас салах маш амархан бөгөөд таатай аргууд зөндөө бий.
Жишээ нь элдэв хүнд дасгал хийх, хэн нэгэн хүний заасан сонин хачин хөдөлгөөн хийх гэж өөрийгөө хүчлэхийн оронд найз бүсгүйн хамт сайхан дискодож өөрийн дурын хөдөлгөөнөө зохиож, хөлсөө гаргаад илүүдэл өөхөө хайлуулж болно. Ийм тохиолдолд та фитнессийн заалан дахь бүдүүрсэн шаналсан бүсгүйчүүдийг харахын оронд дисконд байгаа залуучуудтай бага зэрэг сээтэн хаяж ч болно шүү дээ. Энэ нь илүү таатай гэдэгтэй хэн ч маргахгүй биз... Өөр нэгэн энгийн арга бол өөрийн бэлгийн амьдралын хэмнэлээ нэмж идэвхижүүлэх. Та өөрийн нөхөр эсвэл найз залуугаасаа шинэ хүсэл мөрөөдлийг нь мэдэж хэрэгжүүлэх явцад сайтар хөлрөхөөс гадна илүү дотносож бас харьцаагаа улам бэхжүүлэх сайхан талтай. Бүсгүйчүүдээ шинэ жилийн сойлтыг арай ондоо хэлбэрээр хийж үзээрэй ;) Би лав өнөө орой үдэлтийн баярт оролцох тул бүжиглэж хэдэн грамм ч байтугай хасах төлөвтэй байгаа
APO
Sunday, November 21, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment