5 дахь өдөр зураач Zazaa буюу Наранцацралтын зургийн үзэсгэлэнгийн нээлтэнд уригдаж очиж сонирхов. Угаасаа ч түүний уран бүтээлд дуртайг хэлэх үү. Ямартаа ч Zazaa-гийн зурагнуудыг хармагц шууд танигддаг тул эдгээо сайхан бүтээлүүдийг туурвисан сайхан зураач бүсгүйтэй нүүр тулан танилцах болсондоо баяртай байв. Ер нь уран зураг, фото зураг эсвэл гар урлалын бүтээл ч бай ялгаагүй аливаа сайхан бүтээлийг хармагц л сэтгэлийн ямар нэгэн утас шууд хөндөгддөг... Ямар нэгэн нэмэлт тайлбар, элдэв яриа үгс огт хэрэггүй байдаг. Энэ удаагийн үзэсгэлэнгийн нэр нь "Татах хүч" буюу "Attraction". Харин уг үзэсгэлэн нь миний хувьд зургаараа татахаас гадна өөр нэгэн сайхан зүйлээр тэнд байсан хүмүүсийн сэтгэлийг татаж чадсан гэж үзэж байна. "Татах хүч" нэртэЙ зургаа дуудлага худалдаагаар зарж тэр мөнгөө хараагүй хүүхдүүдийн 29-р сургуульд хандивласан нь туйлын сайхан санагдсан.
Нүд - сэтгэлийн толь ба хүн өөрийн сэтгэл хөдлөлөө яаж ч нууж барих гэж хичээвч хүний нүд нь бүхнийг илтгэдэг гэдэгтэй би санал нийлдэг. Тиймдээ ч харцаараа бие биеэ ойлголцдог хүмүүс байдаг болов уу хэмээн бодогддог. Харин хараагүй хүмүүс, ялангуяа хүүхдүүдийн хувьд нарт дэлхийг харж мэдэхгүй, солонгын долоон өнгийн мэдрэхгүй бас бие биеэ харцаараа ойлгох боломжгүй гэдэг юутай гунигтай. Гэхдээ хүн амьдралыг яаж харахыг хүсэн амьдрал түүнд яг л тийм харагддаг гэх үг бас агуу. Миний анзаарсанаар бол хараагүй хүмүүсийн бусад мэдрэмж илүүтэйгээр хөгжиж тун авъяаслаг байдаг. Тэгээд ч хараатай хирнээ сайхан бүхнийг олж харж чаддаггүй хүмүүс ч олон таардаг шүү дээ. Тэднийг бодохоор бүүр илүү өрөвдмөөр... Өчүүхэн бодолдоо баригдаад сайхан бүхнийг анзаарч мэдэрч чадалгүй өөрийн амьдралыг гунигтай болгох нь элбэг юм даа. Дэргэдэх найзаа үнэлж анзааралгүй ганцаардалын далайд умбаж эсвэл хэтэрхий бардам зангаас болж дотно хүмүүстэйгээ ойлголцож итгэж чадахгүй нь улмаас өөрийн амьдралаа хүйтэн хөндий болдог. Амьдралыг зөвхөн өөрийн нүдээр дүгнэж болохгүй ч өөрийн сэтгэлээ тольдох нүдтэй байх нь жаргал... Өөрийн нүдээр харсан бүхнээ бусадтайгаа хуваалцаж, үзэл бодлоо солилцож байж хүн өөрийгөө оршин тогтнож, хөгжиж буйгаа мэдэрдэг болов уу.
Татах хүчийн нөлөөнд автсан,
APO
Tuesday, November 2, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment