Tuesday, December 21, 2010
Дархан бэр
Өнгөрсөн хагас бүтэн сайнд манай гэрт эрэгтэй хүүхдүүдийн чуулган уулзалт болоод өнгөрөв. Үеийн гурван залуу цуглараад хоёрхон өдөр хамт тоглож наадахад миний хувьд бараг галзуурмаар санагдав. Тэдгээр гурван хөвүүн саяхан л гурвуулаа өлгийтэй эгдүүтэй бичигхэн нялхас байсан чинь нэг л мэдэхэд хоорондоо ноцолдсон 3 залуу болж өсжээ... Эр өсөж эсгий сунана гэх үнэн үгийг нотолж байгаа юм шиг 9 нас хүрч буй эрчүүд эхнээсээ 35 размерийн гутал өмсөж байна. Өмсөж зүүх нь ч яахав нээх асуудал бишээ. Хоорондоо боксдож, сумодож, барилдахыг нь яана. Хөрш айлууд маань хэзээ орж ирж загнах бол хэмээн бодож байсан шүү, харин санасныг бодвол хөршүүд маань надаас илүү тэвчээртэй юм байна лээ. Орж ирж загнаагүйд нь миний бие туйлын ихээр талархав.
Гурван залууг гадуур дагуулж явахад ах дүүгээрээ, өндөр намаараа жагсаад хөтлөлцөхөд манай хотын нарийн гудамж маань дүүрээд хүмүүс зөрөх гэж асуудал болох шинжтэй. Тэгээд л над руу том том хараад л ... ийм тэрсхэн 3 хүү гаргасаныг байхад хар багаасаа буруу юмаараа тоглож дээ гэсэн байртай шинжээд л ... Би ч бахархалтайн аргагүй 3 хүүгээ дагуулаад л яваад байлаа. Тэгсэн чинь гурван залууг дагуулж явна гэдэг бас л хэцүү даалгавар байна лээ шүү. Тэр үед л айлын ДАРХАН БЭР гэж нэр томъёо ямар их утга учиртаЙ бөгөөд ямар хүнд гэдгийн зах зухаас нь мэдэрсэн шүү. Тэдний сэтгэж бодож ярьж буй нь ч яасан айхтар юм бэ дээ. Үнэхээр л биеийг нь төрүүлэхээс санааг нь төрүүлдэггүй гэдэг үнэн юмаа. Азаар манай гурван залуу хүмүүжил сайтай бас чих зөөлөнтэй. Тийм биш байвал мөхөс би яах байсан юм бүү мэд. Хэцүү ч гэсэн ойрд инээгээгүйгээр инээж, уурлаагүйгээр уурлаж, тоглоогүйгээр тоглож нэг л мэдсэн хагас бүтэн сайн маань дуусаж залуус маань гэр гэрийн зүг одоцгоов.
Хүүхэд гэдэг бол үнэхээр аз жаргал маань түлхүүр шүү... Монголын үр сад улам өсөн дэвжиж инээд баясалаар дүүрэн, жаргалтай яваасай! Би бүр хар багаасаа л 4 хүүхэдтэй болно гээд л 2 хүү, 2 охин гэж чухам дураараа төлөвлөж байсныг бодохоор инээд хүрэх юм. Бүр ихрийн удамтай юм чинь ихэр хүүхэдтэй болно гэдэг байсан ч одоо бол айж байна шүү. Тэрсхэн гуравхан хүүхдийн нэгнийх нь төрсөн өдрийг зохион байгуулж хөгжөөж баясгах гэж хамаг уран сэтгэмжээ барж буй хүн яаж 4 хүүхэд өсгөх бодол тээж тийм их зоригтой байсан юм бол доо... Бодвол юм мэдэхгүй тэнэг тулдаа л тэгж бодож чадаж байсан байх. Гэхдээ яахав эр хүн шартахаас эм хүн төрөхөөс хальширдаггүй гэдэг шүү дээ. Амьдралыг хэн мэдэх вэ дээ чухам өөрийн хүнтэйгээ учираад өврөөрөө дүүрэн хүүхэдтэй болоод домогт эцэг эх болж найз нөхдийнхөө элгийг хөшөөх онигооны эзэн болохыг үгүйсгэх арга алгаа. Давахгүй гэсэн давааг хэд ч давж магад гэж
Муужирах дөхсөн,
APO
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment