Нилээд хэдэн жилийн өмнө би Манлай гэгч залуутай найзладаг байсан. Дажгүй сайн залуу, гэхдээ тэр үедээ тамхи татах зуршилтай байсан. Бид хоёр Цагаан сараар бүх зүйлээс оргож, битүүний өдөр Нүхт рүү явж тэнд агаарт хоёр хоноод тэр хавийн уулаар явган алхаж үнэхээр сайхан тойрон аялалтай амралт болсон тул бид 2 Нүхтээс ирчихээд Санзайн зүг явахаар шийдэн УБ-аар дайраад хоол идээд шууд хойд зүг явав. Санзайгаас цааш Цэргийн амралт орсон чинь тэднийх Нүхт шиг тохилог байгаагүй. Гэхдээ гоё санагдаж байлаа. Ноорхой саравчинд байсан ч дурласан хосууд хамт л байвал диваажин шиг л санагдах нь тодорхой.
Тэр хавийн уулаар бас л сайн тэнэсэн. Уулын орой дээр ойн манаачийн овоохойтой, хүмүүс өвөл тэнд амрах нь ховор тул ой модонд хүний мөр байхгүй, цав цагаан цас, цэв цэнхэр тэнгэр, модны завсараар тусах нарны туяа, цэвэр агаар, гарнаас маань хөтлөн алхах найз залуу маань... Түр амсхийхээр цасан дээр суухад Манлай эмэгтэй хүн доороосоо даарч болохгүй гээд намайг өвөр дээрээ суулгаж халамжилж байсан нь одоо бодоход өхөөрдмөөр санагдана. Өвөл ой модонд цасан дээр нэгэн зүйл хийж үзсэн гэвэл гайхах байх. Зарим нь өвчин тусна гэх л байх, гэхдээ мартагдахааргүй сайхан мэдрэмж төрдөг юм байна лээ... Юун даарах...халууцаад хацар маань улаа бутраад үгээр илэрхийлэх аргагүй мэдрэмж төрдөг... Одоо бодоход галзуурсан байсан байхаа... Гэхдээ л гайхалтай сайхан мэдрэмж... Тэр өдрөөс хойш найз залуу маань тамхинаас гарсан даа... Тамхинаас гаргасан түүх гээд л инээд алдаад дурсдагсан... Тэр маань барилгын инженер байсан ч одоо архитектор болсон гэсэн. Түүнд өгсөн хоёр зүйл маань түүнийг архитектор болоход өчүүхэн ч гэсэн нөлөө үзүүлсэн нэгэн ном бас тамхигүй орчинг хүсэх хүсэл нь юм болов уу даа... Цэвэр агаар хүнд ер нь туйлын сайн нөлөөтэй шүү тэ..? Нэгэн хувийн түүхээ оруулсан гээд намайг зэмлэхгүй гэж найдаж байна